Дэлхийн талыг эзэлж явсан монголчууд өөрсдийн бүтээсэн үүх түүх, өв соёл түүнийг агуулсан сурвалж бичгээ дэлхийн дайдад тархаажээ. Монголын түүх, шашин соёлын талаарх сурвалж бичиг байхгүй улс орон дэлхийд үгүй гэхэд хилс болохгүй болов уу. Гагцхүү тэдгээрийг судлах, танин мэдэх, үнэн бодитоор нь дэлгэн үзүүлэх ажил “түүхий” байсаар байна. “Зөвхөн ОХУ-д хадгалагдаж байгаа монгол сурвалжийн бүртгэл, каталоги л гэхэд гурван боть байна. Ердөө гарчиг нь шүү дээ.”/доктор Д.Заяабаатар/
Тиймээс олон улсын эрдэмтэн, судлаачдыг цуглуулж цаашид дэлхийд тархсан баримт, сурвалжууд, эрдэм шинжлгээнийхээ өвийг бүртгэж, нэг каталоги болгож цэгцлэх төслийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монгол судлалын хүрээлэн, Үндэсний төв номын сан хамтран эхлүүлжээ.
Үүний хүрээнд “Дэлхийн номын сангууд дахь монгол сурвалж бичгийн өв” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 08-рс арын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг хуралд академич Ц.Дамдинсүрэнгийн охин ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн эрдэмтэн, судлаач А.Д.Цендина, Япон улсын Токиогийн Гадаад судлалын сургуулийн судлаач Хироши Фүтаки, Тохоку их сургуулийн судлаач Хитоши Курибаяаши, Буриадын их сургуулийн эрдэмтэн судлаач Будаева Дарима Николаевна, ӨМӨЗО-ны судлаач Сэцэнбилэг нарын зэрэг олон орны эрдэмтэн, судлаачид оролцож, өөр өөрийн улс оронд хадгалагдан буй монгол сурвалж, бичгийн тухай илтгэл тавилаа.
Энэ үеэр ӨМӨЗО-ны эрдэмтэн судаач Сэцэнбилэгээс Дундад/хятад/ улс дахь Монгол сурвалж бичгийн талаар цөөн хормын тодруулга авсан юм. Түүний хэлж буйгаар Дундад улсад монголын сурвалж бичгийн нэг сая орчим бүтээл бий ажээ.
БНХАУ-д Монголын ямар сурвалж, бичгүүд байна вэ. Хэдээс хэддүгээр зуунд хамрагдах ном, товхимол байгаа бол?
- Бид ойрын жилд эртний сурвалж бичгийн талаар бүртгэл хийж эхэлсэн. 3000 мянган зүйл ном байх шиг байна. Харин яг данс/нэр/ гэвэл сая орчим байна. Өвөр монголын номын сан, улсын номын сан, их сургуулийн номын санд мянган хувиас дээш номуудыг хадгалж байна. Сурвалж бичгүүдийн талаар авч үзвэл, Юанийн үеийн сурвалж бичиг жаахан тамтархай. Умард Юанийн үеийн сурвалж бичгүүд цөөн тооны байна. Гол нь Чин улс, Иргэн улсын үеийн номнууд байна. Эдгээрийг ерөнхийд нь төрөлжүүлж үзвэл Төр, Шашны хоёр зүйлд хувааж үзэж болмоор байна.
Шашны сурвалж бичгийн хувьд христ, бөө, хятадын бумбын шашны тухай олон ном бий. Нийт хадгалжмийн тэн хагасыг эзэлж байна. Бараг 5000 зүйл.
Төр ёсны сурвалж бичигт улс төр, цэргийн хэрэг ч бий. Шашнаас бусад номнууд багтана. Энэ ч мөн тэн хагас нь. Эдгээр хадгаламжинд буй номуудыг ойрын жилүүдэд уг, эхээр нь ширвэж, гаргаж ашиглах бэлтгэл хийж байна. Ялангуяа Өвөрмонголын их сургуулийн номын сан, Дундад улсын номын сангууд түлхүү ажиллаж байна.
Бусад улс оронд байх сурвалж бичгүүдээс БНХАУ-д байгаа нь хамаагүй их байх?
- Бүх улсад хадгалагдаж буй монгол сурвалжуудыг цуглуулбал дэлхийд бараг тэргүүнд орох байх. Монгол их хадгаламжтай, ОХУ мөн их хадгаламжтай. Гэхдээ нарийн гарчиг/судалгаа/ гараагүй. Чухам хэдий хэр гарчиг гарахыг сайн мэдэхгүй. Тиймээс Дундад улсад хадгалагдаж байгаа номын тоо хэд байгааг хэлэхэд бэрхтэй. Юутай ч баян хадгаламжтай.
Төр, шашны гэж ерөнхийд нь хоёр ангилж болмоор гэж та хэллээ. Тэр дундаас онцолбол ямар сонирхолтой сурвалж байна?
- Шашны талын сурвалжаас хамгийн алдартай нь “Ганжуур, Данжуур” байна шүү дээ. Дан ганц шашны ч гэж хэлж болохгүй. “Дорнодын таван ухааны цоморлиг” гэж хэлдэг л дээ. Энэ бол ерөөс манай Дундад улсад 1720 оны Бээжин барын Ганжуур зургаан хувь байна. 1749 оны Данжуур дэлхийд гуравхан хувь байгаагийн хоёр нь Дундад улсад, нэг нь Монголд бий. Энэ хоёрыг хэвлэж гаргасан.
Мөн монгол хүний бичсэн түүхийн зохиолууд олон байна. Иш ордны үүх, Лувсанчоймболын түүх гэх мэт. Намтрын тухайд, Түдэвнямаагийн намтар ч юм уу, Төвдөөс орчуулсан Зонховын намтар ч юм уу, монгол хүний бичсэн Зонховын намтар ч юм уу...түүхэн судалгаанд холбоотой ховор, чухал сурвалжууд байна.
Төрийн ёсны номууд маш арвин. Вангийн илтгэл шаштир,бүх монголчуудын Алтан ургийн,тайж нарын, ноёдын түүх намтрыг шигтгэж бичсэн, судалгаанд их хэрэгтэй сурвалжууд бий. Уранзохиолын тоочиж барамгүй арвин сурвалж, ном байна.
Монголын нууц товчоотой холбоотой ямар сурвалж байна?
- Яг эртний монгол хэлээрх сурвалж байхгүй. Иргэн улсын үед орчуулах гэж оролдсон байгаа юм. Гэхдээ тэр орчуулга тийм сайн бус. Сүүлийн жилүүдэд одоогийн судлаачид хятад хэлнээс монгол хэл рүү маш амжилттай буулгаж байгаа л даа.
Юань гүрэн, Хубилай хааны тухай сурвалж, номууд их биз?
- Хубилай хааны намтар түүхийн ном байхгүй. Гэхдээ бусад ном судрын дотор тэмдэглэгдсэн байдаг. Жишээлбэл, Пагва ламын тууж дотор Пагва ламаас авшиг авсан, бурханы шашин монголд яаж орж ирсэн, Сажагийн сургааль яаж орж ирсэн зэрэг тэмдэглэлүүд байна.
- Би энэ удаад өөрийнхөө хувийн номын санд байгаа “Цагаан өвгөний сан”-ийн тухай илтгэл тавьж байна. “Цагаан өвгөний сан”-ийн тухай олон судлаачид судалсан. Төвдөөр нэлээд бий. Ц.Дамдинсүрэн гуайн гэр музейд гурван хүний зохиосон нь хадгалагдаж байна. Миний хувийн цуглуулгаас лав арваад хүний зохиосныг харж болно. Ялангуяа Ванчин-Эрдэнийн зохиосон “Цагаан өвгөний сан” гэж байна. 17-р зууны үеийн хүн шүү дээ. Тэгэхээр 17-р зууны үед ч “Цагаан өвгөний шүтлэг” байсныг мэдэж болно. Дээд монголынхон суурийг нь анхлан тавьсан. Дараа нь Монголд орж ирсэн байх.
Монгол судлалын бүтээл, туурвил хэр олдоцтой вэ?
- ОХУ-ын номын санд байгаа бүтээлүүд хамгийн үнэтэй баялаг. Дундад улсад мэдээж их бий. Хараахан бүрэн бүртгэгдээгүй байх шиг байна. Оросууд бол 18-р зууны үеэс цуглуулж эхэлсэн шүү дээ. Германд мөн байна. Японд байна. Гэхдээ өрнөдийг бодвол тийм их биш. Японд Монгол судлалын хэд хэдэн төв бий. Заримд нь 200 гаруй тооны чухал, барын ном хадгалагдаж байдаг. Голчлон шашны чиглэлийнх давамгай байдаг. Түүх, хэл, анагаах ухааны номнууд ч байдаг.