ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор их хэмжээний цацрагаар бохирдсон үүл өчигдөр Монгол Улсын баруун аймгуудад, өнөөдөр төвийн аймгийн нэлэнхүйд нь бүрхлээ гэх түгшүүрт мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ талаарх албан ёсны мэдээллийг бид МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч И.Ариунсайханаас тодрууллаа.
МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн улсын хяналтын ахлах байцаагч И.Ариунсайхан:
Цацрагийн бохирдолтой орчин үүссэнийг хүний таван мэдрэхүйгээр мэдэх боломжгүй. Зөвхөн тусгай багажаар хэмжиж илрүүлдэг. МХЕГ нь УЦУОШГ-тай хамтран ажиллах гэрээний дагуу 21 аймаг, Улаанбаатар хотод нийтдээ 35 цэгт өдөр бүр хоёр удаа цацрагийн хэмжилтийг хийдэг. Наймдугаар сарын 01-21-ний өдрийг хүртэлх бүх хэмжилтийг би аваад байж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд 0.02 ц/м хэмжээнээс давсан тохиолдол нэг ч удаа бүртгэгдээгүй байна. Олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын Архангельск мужид хийгдсэн пуужингийн туршилтаас үүдэн цацрагтай үүл ирж байна гэж мэдээлж байгаа. Тэрхүү муж нь Монгол Улсаас 4,300 орчим км зайтай. Тэр цэгээс Монгол Улсыг хүртэлх замд Казакстан Улс, түүний дөнгөж хажууханд Беларус, Украйн Улсууд байгаа. Хэрвээ цацрагаар бохирлогдсон үүл бий боллоо гэхэд цөмийн болон цацрагийн хэмжилтийн багажаар бүрэн тоноглогдсон дээрх улсууд цацраг илэрлээ гэх мэдээллийг бусад улсууддаа мэдээлэх ёстой байсан. Ийм мэдээлэл одоогоор байхгүй. Монгол Улсын хэмжээнд 15 боомтод 81 цацрагийн хяналтын цэг байдаг. Хэрвээ цацрагийн бохирдол бүхий үүлс ирсэн бол хамгийн эхэнд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад байгаа дээрх цэгүүд аюулын дохиог өгөх ёстой байсан.