"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нарын ажилчин, албан хаагчид мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ:
- "Эрдэнэс тавантолгой" ХК-ийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тасдан хувааж байна. Мөн компанийн үр ашгийг нэмэгдүүдж чадахгүй байна. Учир нь "Эрдэнэс майнинг" гэх компани байгуулж, компанийн дотоод үйл ажиллагаанд шууд оролцож эхэллээ.
Мөн "Эрдэнэс тавантолгой" ХК болон хятад улсын иргэн Чэн Юнфэйний хөрөнгө оруулалттай " Ти Ти Жи Си Өү" ХХК-тай байгуулсан "Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ"-ний хугацаа өнгөрсөн 2-р сард дууссан боловч сайд Д.Сумъяабазар өөрийн үзэмжээр гэрээг дүгнэж, үр дүнг хэлэлцүүлэлгүй, хууль бус аргаар, эрх мэдлээ хэтрүүлэн, хүчирхийлэх замаар үргэлжлүүлэн уурхай болон ард түмний эрх ашиг, эдийн засагт хохирол учруулсаар байна. Энэ компани "Эрдэнэс тавантолгой"-н уурхайн 30 хувь дээр үйл ажиллагаа явуулахдаа хэт өндөр үнээр ашиг олж, монголын баялгийг цөлмөж байна. Тухайлбал, Баруун цанхийн уурхайгаас Монголын "Хишиг арвин" ХХК уулын цулыг 6300 төгрөгөөр хийж байхад, "Ти Ти Жи Си Өү" ХХК нэг уулын цулыг 4.25 доллараар буюу илт үнийн зөрүүтэйгээр ажиллаж ирсэн.
Мөн энэ компани хууль бусаар ажиллаж хаягдлаа уурхайн отвол руу асгадаг. Мөн Д.Сумъяабазар сайд болсон цагаасаа хойш 58 хүнийг "Эрдэнэс тавантолгой" ХК-д шахаагаар оруулсан. Янз янзын албан тушаалд оруулсан. Зохих эрх бүхий хүмүүсээс нэрсийг авч болно. Д.Сумъяабазар сайд "Эрдэнэс майнинг" гэх компани байгуулж компанийн эрх мэдэл, ашгийг хуваах гэж оролдож байна. Манай ажилчдыг 2015 онд хятад компани руу шилжүүлэх гэж байсантай яг ижил үйл явдал болох гэж байна. Энэ бол маш ноцтой хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс eрөнхий сайдаас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт хариуцлага тооцохыг хүсч байна.