СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Монголчууд бид нийгмийн шилжилтийг давахдаа олон драм туулсан. Мал аж ахуйгаас бусад нь дампуурсан хөрсөн дээр дахин босч ирэхийн тулд байгалийн баялаг руугаа “ханцуйгаа шамалсан” даа. Сэргэлэн зарим нь тарваганы арьснаас бизнесээ эхэлсэн бол төр засаг уул уурхайд илүү анхаарсан юм. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлэндээ газрын тос нялж, төр засаг “Алт” хөтөлбөр гаргаж байсан нь үүний баримт болно. Гэхдээ энэ уярал, туйлшралыг дагаад улс орны газрын доорх баялгийг дагасан улс төр, бизнесийн бүлэглэл үүсч хүчирхэгжсэн. Өдгөө тэднийг “Нүүрсчдийн нам”, “30 гэр бүл”, “МАНАН” гээд байгаа хэрэг. Тэд хэр ашиг олдог вэ. Өнгөрсөн онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөл нэгэн цагт хувийн өмчид байсныг санахад л хангалттай. Уул уурхай бүхэлдээ муу муухай зүйл биш. Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалттай, нөхөн сэргээлтээ хийдэг, хуулиа мөрддөг хариуцлагатай жишээнүүд өчнөөн бий. Тэдний орлого, ажил хөдөлмөрөөр улсын сан бүрдэж тэтгэврээсээ эхлээд цэцэрлэгийн хүүхдийн хоол хүртэл өгөөжөө өгдөг юм. Гол нь одоо байгаа ордуудаа зөв ашиглах, бас үр хойчдоо хагас хугасыг нь үлдээх тухайд анхаарах дутаад байлаа. Эргээд харахад, уул уурхайн лиценз, ордоос ашиг олох гэсэн явуулгад автсаар бид байгалийнхаа байтугай байгаагийнхаа дайсан болчихжээ. Тиймээс ч өнөөгийн Засгийн газар зарим зоримог шийдвэр гаргаж байх шиг байна. Арав гаруй шүүгч авлигад нь орооцолдсон гэх монгол, хятад иргэдийн маргаантай Салхитын мөнгөний ордыг төрд авснаас эхлээд саяхан Тост, Тосон бумбын нурууны ойролцоо үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг зогсоов.

Хууль зөрчсөн, авлигад холбогдсон, байгалийн үзэсгэлэнт эмзэг нарийн тогтоцод сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг хуулиа мөрдүүлдэг ямар ч төр засаг зогсоодог юм. Тийм л явдал болсон. Дараа нь Хэнтий, Өмнөговь, Архангай, Сэлэнгэ аймгуудад олгосон тусгай зөвшөөрлийг шалгах ажлын хэсэг байгуулснаа зарлаж байв. Үр дүн нь эхнээсээ гарч байгаа бололтой. Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа газартай холбоотой шийдвэрүүд гаргажээ. Тухайлбал, Өмнөговь, Архангай аймагт олгогдсон уул уурхайн 19 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Өмнөговийн Гурвантэс сумын нутагт олгогдсон “Хайрхан толгой коал”, “Монгол чадал интернэшнл”, “Баатарван транс”, “Өмнийн говийн баялаг”, “ЕАИ”, “Нитросибир азиа”, “Саусгоби сэндс” (тус компанийн Гурвантэс суманд авсан хоёр тусгай зөвшөөрөл) компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлав. Мөн Номгон сумын нутагт олгогдсон “Булаг сүүж майнинг”, Гурвантэс, Ноён сумын нутгийг хамарсан “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Өмнөговь аймаг ухвал аймгаар нь ухчихаар баялагтай, баялгаа дагасан үйлтэй газар л даа. Тиймээс ч малчид уул уурхайтай сөргөлдөх нь их. Хэдэн төгрөг өгөөд малчдыг жаргаачихна гэдэг бол үнэхээр гэнэн ойлголт.

Ер нь малчид байтугай тэнд төрж өссөн хүний элэг эмтэрмээр. Хэн ч байсан өөрийнх нь тугал, хурга хариулж явсан эхийн мөөм шиг толгодыг ухаад сэндийлээд хаячихсан байхад сайхан байх уу. Үнэндээ томоохон ордуудаа ашиглаад бусдыг нь жаахан хязгаарлах нь зөв гэдэг үүнээс харагддаг юм. Тэр тусмаа ашиг нь иргэдэд наалдахгүй, улсад орохгүй өчнөөн авлига, луйврын замаар явсан ордуудын хэрэгцээгүйг нь бол болих хэрэгтэй. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаар гарын үсэг зуруулаад нэг өдөр баахан тусгай зөвшөөрөл цуцлах баримт бөөндчихлөө гэх хүн байна. Ард нь үлдэж байгаа уурхайчдын ар гэрийг бодсонгүй ч гэсэн юм яваад байгаа. Нэрсийг нь харж байхад ганц нэгээс бусад нь арай ашиглаж эхлээгүй лицензүүд байна лээ. Ашиглаагүй талбайд ямар юмных нь эрх ашиг хохирсон ажилтан байх вэ дээ. Мөн Архангай аймгийн Цэнхэр суманд олгогдсон “Монгол газар”, “Эм Жи Эйч” компанийн тус бүр хоёр, “Бат дөлгөөн мөрөн”, “Нэшнл тришүр”, “Гурван хайрханы асар”, “Голден хаммер”, “БМНС”, “Алтайголд”, “Улз групп”, “Сэншивэемонгол”, “Эрдэнэсийн хотхон” компаниудын тус бүр нэг тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Зарим хүний хэлэхээр бол Ц.Мянганбаярын “Монгол газар” компанийн болоод түүний өнгөлөн далдалсан бусад компаниудын бүх тусгай зөвшөөрлийг цуцалсан гэнэ. Эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд Архангай аймгийн Өлзийт тээлийн 2422 га, Өлийн голын 373 га, Шийртийн салааны 173 га, Өлийн голын адаг 739 га, Бодонтын амны 739 га, Гүүтийн амны 323 га, Өлзийт тээлийн 1652 га, Улаан чулуутын 144 га, Ястын голын 366 га, Ар чулуутын 141 га, Өлийн голын 1417 га, Гүүтийн амны адаг 49 га газар хамарч байгаа гэхээр айхтар байгаа биз. Эдгээр алтны олборлолтын улмаас Орхон гол улаанаар урсаж байлаа. Тэр зураг нь нэгдүгээр нүүрт хэвлэгдсэн байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол нэг удаа өөрөө очиж хааж боосон ч ажиллаж л байдаг том артай гэх. Уул уурхайн тэр тусмаа алт, нүүрсний тусгай зөвшөөрлийн цаана ганц бизнесмэн байдаггүй.

Улс төрийн өндөр албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байдаг. Тийм болохоор У.Хүрэлсүхийн Засгийн газар өөртөө “гал дуудаж” байж ч мэдэх юм. Ер нь иймэрхүү лицензүүдтэй холбоотой ичмээр, эмгэнэмээр явдал их. АМГТГ-ын энэ оны долдугаар сарын 3-ны байдлаар хийсэн судалгаагаар ашиглалтын болон хайгуулын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 2945 байгаа юм билээ. Тэдгээр нь нийлээд 8.1 сая га газрыг хамардаг. Сонин нь дээрх судалгаанд дурдсанаар тэдний 246 нь барьцаанд байгаа аж. Худалдаа хөгжлийн банк 33, Голомт банк 31, Монгол Улсын хөгжлийн банк 24, Улаанбаатар хотын банк 18, ХААН банк 14, Капитал банк 12, Хас банк 11, Анод банк ес, Чингис хаан банк найм, Европын сэргээн босголт, хөгжлийн банк долоо, Капитрон банк тав, Жи Эс Би капитал ББСБ тав, Төрийн банк дөрөв, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дөрөв, Тээвэр хөгжлийн банк гурав, Богд банк гурав, Трийпл Флаг Майнинг Файнанс Бермуда Лтд гурав, Хадгаламж банк гурав, Банк оф Чайна тав, Хөтөлт номгон гурав, Экспорт-Импорт Банк оф Чайна гурав, Ворлдголд хоёр, Фёрст Литиум Корпорейшн хоёр, Эрэл банк хоёр, Зоос банк хоёр тусгай зөвшөөрлийн их, бага хувийг барьцаанд авч зээл олгожээ. Гадаад, дотоод, банк, ББСБ гээд зүйл бүрийн л юм байна. Ингэж тооны болоод хил хязгаарын хувьд тамтагаа алдсан, барьцаалж зээл авч байдаг хөрөнгө болсон байгалийн баялаг өнөөгийн Үндсэн хуулиар ард түмний өмч юм. Удахгүй баталж магадгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр ч төрийн өмч байх уу, нийтийн өмч байх уу гэсэн маргаан явж байгаа. Энэ өнцгөөс нь хараад Засгийн газрын үйл ажиллагаанд алга ташаад байгаа хэрэг.

Дээр нь өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 1.3 сая орчим га газрыг Улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжжээ. Нарийн яривал 1.298.047 га газар л даа. Арлын багашаархан орны газартай тэнцэх хэмжээ. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 33 сая орчим га талбайг хамрах болж байгаа юм уу даа. Дэлгэрүүлбэл, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сум Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн давааХөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөхнуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Товчхондоо, түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалаад эхэллээ. Зөв өө.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.