Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл өнөөдөр/2019.08.22/ 23 цаг 59 минутанд дуусна.
Хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүд өнөөдөр 23:00 цагаас өмнө https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулах боломжтой.
Энэ хичээлийн жилд нийсэллийн хэмжээнд 123 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах тоо гарсан. Тэдний 80 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах тооцоо бий. Цэцэрлэгүүд хүүхэд элсүүлэх хяналтын тооноос давсан тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдээ сонгох ажээ.
“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23 буюу маргааш явагдах бөгөөд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулах юм байна.
Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой.