Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд баригдаж буй “Сити молл” цогцолборын барилгаас өчигдөр 11.10 цагийн 17 настай хүүхэд унаж нас барсан осол гарчээ.
Талийгаач Д нь “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажил хийдэг байсан бөгөөд вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифний хонгил руу унаж нас барсан байна.
Осол гарах үед “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ. Хүн нас барсан ослын дараа мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийхэд барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байр эмх цэгцгүй, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байсан байна.
Осол болохоос өмнө НМХГ-аас 2019 оны 01-р сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” мэдэгдэл зөвлөмжийг захиалагч “Тайм констракшн ХХК, Титан таур констракшн ХХК-иудад 2019 оны 5-р сард өгч байжээ. Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Тайм констракшн ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, хоёр заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байсан юм байна.
Дээрх компаниуд мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмж, даалгаврыг хэрэгжүүлэхээр байсаар эцэст нь 17 настай хүүхдийн амь насыг хөнөөсөн ослыг гаргалаа. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байгаа аж.