Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Архангай, Булган, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, байгаль орчныг сүйтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 19 аж ахуйн нэгжийн 23 талбайн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргажээ.
Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 202 аж ахуйн нэгжид хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай албан бичиг хүргүүлжээ.
Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд “Монгол газар” ХХК 13 тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж уул, усыг сүйтгэж байсан. Ингэхдээ 13 тусгай зөвшөөрлийн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан байжээ. Тиймээс дээрх зөвшөөрлүүдийг бүгдийг цуцалжээ.
Мөн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.
Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдэж байна. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж 32,8 сая га болж байна.
1/ Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
2/ Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
3/ Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
4/ Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
5/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
6/ Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
7/ Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
8/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
9/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар хамгаалалтад авлаа.