СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-21

Ж.Отгонбаяр: Ажил мэргэжлийн ёс суртахуун гэдэг нь мөнгөнөөс үнэ цэнэтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Гудамжинд хог цэвэрлэх залуу өнгөрсөн жил их сургуулиа төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Харин цайны газар зөөгч хийх бүсгүй төгсөөд таван жил болсон боловч цалин бага, ажиллах орчин хүнд гээд мэргэжлээ орхисон. Энэ мэт дээд боловсролтой боловч үйлчилгээний ажил хийж байгаа хүн цөөнгүй байна. Үүнд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь яагаад мэргэжилдээ үнэнч байдаггүй байгаа шалтгааныг философийн үндсээр сонирхолтой тайлбарласан юм. Ер нь ажил мэргэжилдээ үнэнч, хайртай, дуртай байснаар ямар үр дүнд хүрэх вэ. Өнөөгийн нийгэмд бузар, булай, бусармаг зүйлс биеллээ олж, хээл хахуулиар бүх зүйлийг шийддэг болсон ёс бус мэргэжилтнүүд олшрох болсон шалтгаан нь мэргэжлийн ёс зүйгүй байдлаас үүдэж байгаа гэв. Үүнийг хүмүүс хүн чанаргүй байдалтай холбож ойлгодог. Тэгвэл энэ нь шинжлэх ухаан хэтэрхий хөгжсөнөөр хүмүүс хүмүүнлэг ухааныг орхигдуулаад байгаа нь бүх учир шалтгааны зангилаа гэнэ. Ажил мэргэжил гэдгийг бид сонгосон бус хүн төрөлхтнөөс түр зээлдэж байгаа тухай МУБИСийн философи, нийгэм судлалын багш, философич Ж.Отгонбаяртай ярилцлаа. Түүний ярилцлагыг тоймлон хүргэж байна.

Ажил мэргэжил гэдэг хүн төрөлхтний үе үеийн бүтээл

 Хариуцлага ёс суртахуун алдагдахаар хүн нь муу болохоор ажилдаа хариуцлагагүй байна. Эсвэл хүмүүжилгүй болохоор шударга бус зүйл хийж байна гэдэг. Авлига авах нь буруу зүйл, хууль бус гэдгийг мэдсээр байж үйлдээд байна. Тэгэхлээр аль сургууль төгссөн хүмүүс илүү их авлига авч байна вэ гэдэг судалгаа авах хэрэгтэй байгаа юм. Тэгээд тэр сургуульд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Боловсролын салбарынхан ярьдаг, аливаад шинжлэх ухааны үндэстэй хандана, шинжлэх ухаанжуулах хэрэгтэй гэдэг. Би харин шинжлэх ухаан гэх үгнээс айдаг. Учир нь өнөөгийн нийгмийн, дэлхийн доройтол бол шинжлэх ухаан гэж туйлширснаас болоод хүмүүнлэгталыг хаясан. Хүмүүнлэгийн ухааныг хөгжүүлэхгүй индекс нь унасан. Оросын тухайд хүмүүнлэгийн ухаан гурван индекстэй байдаг бол физик, хими нь зургаа гэсэн индекстэй байдаг. Хүмүүнлэгийн ухааныг хөгжүүлснээр ёс суртахуун яригдах юм. Тухайлбал, багшийн ёс зүй ярихаар багш хүн хүүхдэд хайртай байх ёстой гэдэг. Эцэг, эх нь хүүхдийг хайрлаж байхад яагаад заавал багш хүүхдэд хайртай байхыг ёс зүйтэй холбох ёстой гэж. Багшийн ёс зүй ярихад хүүхдэд хайртай байх эсэх нь ямар ч хамааралгүй зүйл. Багшийн үйл ажиллагаатай холбоотой харилцаан дээр тулгуурласан дэг журам, хэм хэмжээний тухай тусгах учиртай.

Ажил гэдэг “хоолны талон” биш

Бүх мэргэжлийг хэрхэн ойлгож байгаагаар тухайн хүний хандлагыг харж болно. Ихэнх хүн хоол олж идэх “хоолны талон” гэж их гүехэн ойлгоод байгаа юм. Гэвч ажил мэргэжил гэдэг нь хүн төрөлхтний түүхээр бүтээгдсэн. Тэр дундаа хүн төрөлхтний шилдэг хэсгийн түүхээр бүтээгдсэн үйл ажиллагаа юм. Цус, нөж, үхэл хагацал, хөлс хүч, амь насаа золин байж хүн төрөлхтний түүхээр бүтээгдээд, өөрийн гэсэн стандарт хэм, хэмжээтэй. Өөрийн гэсэн ёс суртахуун, дэг, журамтай юм. Тэгэхлээр ажил мэргэжил гэдгийг эхлээд зөв ойлгох ёстой. Хоньчин болсон нь миний ажил мэт боловч өвөг дээдсээс дамжиж ирсэн мэргэжил шүү дээ гэж ойлгоорой. Тухайн ажлыг эрхэлдэг технологи, аргачлал гэж бий. Түүхээр бүтээгдэж хэдэн мянган жил өвлөгдсөн тухайн мэргэжил үргэлж төгс төгөлдөр рүү тэмүүлсээр яваа юм.

 Ажил мэргэжлийг эзэмших нь хувийн хэрэг үү

Мэргэжил эзэмшинэ гэдэг нь би энэ мэргэжлээ хамгаална, олон түмэнд түгээн дэлгэрүүлнэ, мэргэжлийнхээ мөн чанарыг танин дахин бүтээнэ, зөвхөн энэ насандаа өөрөө хэрэглээд өнгөрөхгүй өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэсэн үг. Мэргэжил сонголтын цаана хүн төрөлхтөн бүхэлдээ мэргэжлээр дамжаад холбоотой болж байгаа юм. Тэгэхээр мэргэжил сонгох нь хувь хүний хэрэг мэт боловч хүн төрөлхтнийг сонгож байгаа шийдвэр. Энэ мэргэжлээр хоол олж идэж байгаа бол би энэ мэргэжлийг тунхаглаж, энэ мэргэжлийн гайхамшгийг мэдэж таниад олон түмэнд үйлчлэх учиртай гэж ойлгох нь чухал байна.

Хүмүүнлэг чанараа хүн төрөлхтөн гээж болохгүй

 Ажил мэргэжлийн ёс суртахуун ярихаар хүмүүнлэгийн асуудал сөхөгддөг. Аль ч мэргэжил хүмүүнлэгийн ухааны боловсрол туйлын чухал юм. Хүмүүнлэгийн ухааны боловсролыг гэр бүлд олгох уу, сургуульд заана уу гэдэг бол хамаагүй. Бид хүмүүнлэг чанараа гээчхээд байна. Мөнгө хэрэглээний нийгмээс шалтгаалаад хүмүүс хүмүүнлэг шинжээ мартдаг болжээ. Тэгээд хүнээ байчихлаа, хүнээ гээчихсэн гэж яриад байгаа. Хүний өөрийн үнэт зүйлийн тогтолцоо алга болчхож байгаа юм. Шинжлэх ухаан талаасаа техник хэрэглэж байгаа нь хэдий сайхан ч хүмүүсийг мөхөстүүлж байна. Хүн гараараа юу ч хийж чадахгүй шүү дээ. Шинжлэх ухаан техникийн тусламжтайгаар ертөнцийг эргүүлж байна. Техник технологийн ертөнцөд хэрхэн хүмүүнлэг шинж чанарыг шигтгэх үү. Хүмүүнлэг чанараа хүн төрөлхтөн гээж болохгүй. Нийгмийн ухааны салбар буюу түүх, сэтгүүлч, соёл судлаач, нийгмийн ажилтан, зохиолч бүгд хүмүүнлэгийн ухааныхан юм. Дэлхийн жишиг бол хүмүүнлэгийн ухаан гэж ярьдаг боловч манайхан нийгмийн шинжлэх ухаан гэж яриад байгаа юм. Шинжлэх ухаан гэдэг үгнээс би хувьдаа татгалздаг. Хүмүүнлэгийн ухаан бол чөлөөтэй хувилбар юм. Харин шинжлэх ухаан гэхээр аливаа зүйлийг зүй тогтолтой судлах болно. Зүй тогтол бол аливааг хайрцагладаг, журамладаг онцлогтой.

Ёс суртахууныг мэдлэгээр шалгах боломжгүй

Мэдлэгийг нь шалгаад онц гэсэн үнэлгээ өгдөг. гэвч онц сурдаг байсан сурагч нь авилгачин болоод амьдарч байх жишээний. Тэгэхлээр сүүлийн үед зургаан түвшинд хувааж, хандлага үнэлдэг боллоо. Хандлагын чиглэлийн тест, шалгалтад оюутнууд унадаг. Мэдлэг шалгасан тест бөглөхөөр бүгдийг буудаад дугуйлдаг. Одоо ч боловсролын яамнаас оюутан, сурагчийн зөвхөн мэдлэгийг шалгадаг. Харин хандлага шалгавал тэр хүний төлөвшил нь илэрдэг юм. Ажилд ороход ч ялагаагүй онц сурсан уу гэдгийг нь харахгүй аятайхан зөв хандлагатай байна уу гэдийг ажил олгогч ярилцлагаар дүгнэдэг. Ёс суртахууныг мэдлэгээр шалгах боломжгүй. Мэдлэг гэдэг зүйл ёс суртахуун болж хувираагүй байгаагийн шинж . Ажил мэргэжлийн ёс суртахуун гэдэг зүйлийг хаанаас хэн зохиодог юм бэ гэхээр дүрэм журам, аливаа хэм хэмжээ түүхийн гүнээс бий болсон соёл, үнэт зүйл.

Мэргэжилдээ эзэн байх хамгийн сайхан

Мэргэжилдээ эзэн болох, мэргэжлээрээ гоёх, мэргэжлээрээ хань хийх гэдэг сайхан зүйл. Нэг удаа миний шавь “Хүүе багш аа зургийнхан их гоё юм аа. Шууд зурсан зургаа зарах юм. Механикийнхан бас гагнуур хийгээд, машин засаад мөнгөтэй болож байна. Харин манай нийгмийн ухааныхан яадаг юм бэ” гэв. Тэгвэл нийгмийн ухааныхан нийгмийг өөрчлөх боломжтой. Бүх шатанд явагдаж байгаа булхайг илрүүлж, чин зүрхтэй зоригтой ажиллаж нийгмийг эмчлэх ёстой юм. Хүмүүнлэгийн ухааны салбарт ажилладаг мэргэжилтэн зоригтой байж нийгмийг шүүмжилж, судалж, илрүүлж, эмчлэх учиртай. Хүмүүнлэгийн ухаан, шинжлэх ухааныг нэлээд тод ялгаж, заагтай ойлгох ёстой. Хүмүүнлэгийн ухаан нь хүнийг төлөвшүүлдэг салбар. Мэргэжлээ сонгох үед тухайн мэргэжлийн хүмүүнлэг талыг олж харах хэрэгтэй. Ёс суртахуун, хэм хэмжээтэй нь эхлээд танилцаад үз. Хүмүүс мөнгө, мөнгө, мөнгө гэдэг боллоо. Мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйлийг ажил мэргэжилд нь хүн төрөлхтөн сууриар нь суулгаад өгсөн байгаа. Ер нь мэргэжлийн ёс суртахууныг ярихгүй ямар ч мэргэжил байхгүй. Боловсрол гэдэг хүн байхын ухаан юм. Бусад зүйл нь шинжлэх ухааны хүрээнд өгөгдөнө.

Мэргэжлээ сонгох шалтгаан

 Сонголт бүхэн хариуцлага дагуулдаг. Хариуцлагаа хүлээх чадвартай байх нь чухал. Мэргэжлээ сонгоход эцэг, эх үлгэрлэдэг. Эцэг, эх нь ажилдаа дургүй гэртээ ирчихээд ажилаа үзэн ядаж, ядарч байна, зовж байна гээд ярихаар хүүхэд бүгдийг дууриана. Анхнаасаа ажил мэргэжилдээ хайртай байхыг аав, ээж үлгэрлэж байдаг. Хүүхдүүдээ хаяаад мөнгө олохоор явна. Тэгээд орой гэртээ орж ирэхдээ баахан ууртай хүмүүс орж ирнэ. Мэргэжлээрээ хань хийж, мэргэжилдээ хайртай байх учиртай шүү дээ. Мэргэжлээрээ бахархана гэдэг бол хамгийн сайхан. Ажлаасаа халгасан хүмүүс бол мэргэжлийн бус байдаг байхгүй юу. Хүнээр яриулаад, гуйгаад ажилд орсон нөхөд ажил хийхгүй байх санаатай. Ангайгаад л сууж байдаг. Гэтэл мэргэжлийн хүн ажилынхаа зовлон жаргал, амтыг мэдэрдэг байхгүй юу.

Мэргэжлийн ёс суртахуун гэдэг нь мөнгөнөөс үнэ цэнэтэй

 Мөнгөгүй байхын т ухай яриагүй. Мөнгө бол байх ёстой, гэхдээ ёс суртахуунтай хүнд л мөнгө болно. Ариун цагаан хөдөлмөрөөр олдог мөнгө бол мөнгө юм. Одоо гарын үсэг зураад л мөнгөтэй болдог болжээ. Хуучин цагт дээд боловсролтой хүнтэй шууд ёс суртахуун ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр дээд боловсролтой хуульчид авилгачин болжээ. ёс суртахуун гэдэг нь дээд боловсролоос тусдаа зүйл юм байна. Дээд боловсролтой хүмүүс гэмт хэрэгтэй болж байна. Боловсрол мэдлэгтэй хүн бүхэн ёс суртахуунтай байдаг гэсэн үзэл худал болсон. Бүх мэргэжлийн хүмүүнлэг ухаан нь орхигдоод байгаа юм. Хэрэглээний нийгмийн нэг шалгуур бол хэрэглэвэл мөнгө төлөх ёстой. Хэрэглээгээр нь хүнийг хүмүүжүүлэх нь баян хоосны туйлд хүргэж хэрцгий нийгмийг бий болгож байгаа юм. Адилхан хүсэлтэй хүн атал нэг нь хэргэлдэг, нөгөө нь хэргэлдэггүй. Боловсрол бол хүнд ач буянаа өгдөг боловч нөгөөтэйгүүр нийгэмд хамгийн их ялгарал үүсгэдэг салбар юм. Гэр хорооллын хүүхдийн боловсрол, хотын хорооллын хөрөнгөтэй айлын хүүхдийн боловсрол ялгаатай байдаг. Тэгэлхээр нийгэмд ялгаа үүсгэж байгаа юм. Ажил мэргэжлийн ёс суртахуун гэдэг зүйл мөнгөнөөс дутуугүй үнэ цэнэтэй зүйл гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Яагаад монголчууд номыг нь эс сурвал, номхоныг нь сураарай гэж сургаж ирэв. Тухайлбал, албан байгууллага дээр ажилд орох гээд ирсэн шинэ хүнийг чиний мэдлэг ямар вэ гэж хэн ч асуухгүй, харин харьцаа ямар байхыг хардаг. Хүн харьцаж эхэлдэг шүү дээ. Өнөөдрийн нийгэм нь хэрэглэх юм байхгүй хүнд хэрэглэ гээд шаардаад байгаа нь утгагүй.

Монголчууд шинжлэх ухааныг амьдралын онолд нийцүүлэх нь ховор

Хүмүүнлэгийн ухаан, шинжлэх ухаан гэж тусдаа ярьдаг. Манайд харин нийгмийн шинжлэх ухаан гэж хэлдэг. Нийгэм гэдэг чинь зүй тогтолтой зүйлийг судлахад оршиж байгаа юм. Зүй тогтол гэдэг нь үнэлгээний шинжтэй, үнэлэмжийн онол. Түүхчид ямар нэг зүйлийг нотлоод байх шиг байгаа юм. Тэгтэл төд удалгүй нотолсон зүйл нь худал болж хувирдаг. Түүхийн зарим нь бол шинжлэх ухаан мөн, зарим бол биш. Түүхчид нотолдог юм бол философичид юу хийдэг вэ гэж асуудаг. Шинжлэх ухаан бол нотлох ёстой. Таны нотолсон зүйл чинь үнэний онолд тохирч байна уу гэдгийг философичид судалдаг. Нэг нь хүмүүнлэг үнэлэмжийн онолоор нотолдог бол нөгөө нь зүй тогтлоор нотолдог. Философи бол аливаа зүйлд хамгийн энгийн нэг утгатай бүрэн төгс хариулт өгч чаддаггүй. Монголчууд шинжлэх ухааныг амьдралын онолд нийцүүлдэггүй.

Хүн төрөлхтний шилдэг цөөнхийн бүтээсэн үнэ цэнэ гэж үгүйрсэн

Мэргэжил гэдэг зүйл ямар их үнэ цэнээр бий болсон гэдгийг хүн бүхэн ойлгох ёстой юм. Өнөөгийн нийгэмд аливаа зүйлийн үнэ цэнэ гэж байхгүй болжээ. Хүн төрөлхтний шилдэг цөөнхийн бүтээсэн үнэ цэнэ үгүйрч байна. Баялаг их бүтээгдэх тусам үнэгүй болж байна. Бүх зүйлд хүндэтгэлтэй хандаж, хэм хэмжээтэй байх ёстой юм. Хүмүүжлийн тухай яривал зан үйлтэй холбогдоно. Ажил мэргэжил гэдэг бол хүнийг төлөвшүүлдэг маш том институт билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.