Бразилийн Рио-деЖанейро хотод болсон Зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний үеэр дэлхийг гайхуулсан нэгэн үйл явдал болсон нь Монголын дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эсэргүүцэл байлаа. Энэ бол гурван жилийн өмнөх үйл явдал. Тухайн үед чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран олимпийн хүрэл медалийг энгэртээ зүүгээд алдсан. Ердөө хэдхэн секундэд өрнөсөн үйл явдлыг бөхийн ертөнцийнхөн өнөөг хүртэл мартаагүй биз. Хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дуусахаас хэдхэн секундын өмнө оноо илүү явсан манай бөх ялалтаа тэмдэглэж, дасгалжуулагч нар ч далбаагаа гарган баярласан.
Гэвч тамирчныг цаг барьж, зугтсан гэдэг үндэслэлээр нэг оноогоор торгов. Үүнээс болж сүүлийн оноогоор Узбекистаны И.Наврузов ялалт авч, олимпийн хүрэл медалийг монголчуудаас булаасан байдаг. Үүнийг эсэргүүцэн манай хоёр дасгалжуулагч дэвжээн дээр хувцсаа тайлан шидсэн нь 2016 оны “Дэлхийн спортын шуугиант 10 үйл явдал”-д багтсан билээ. Үүнтэй холбогдуулж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос МЧБХ-г 39 мянган фунт стерлингээр торгож, манай хоёр дасгалжуулагчийн эрхийг 2019 оны наймдугаар сар хүртэл хассан. Тэгвэл өчигдөр Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын шийтгэлийн хугацаа дуусч, тэд дэлхийн дэвжээнд дахин гарах эрхтэй боллоо.