СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөлд хөл тавьсан анхны жуулчны хөтөч - доктор Ж.Оюумаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

- Одоогоос 25 жилийн өмнө Хөвсгөлд анхны жуулчин хөл тавихад түүнд хөтөч хийж, Хөвсгөлд аялал жуулчлал хөгжих эхлэлийг тавьсан эрхэм хүмүүн бол судлаач, доктор Ж.Оюумаа. 1986 онд МУИС-ийг ургамал судлаачаар төгссөн цагаасаа Хөвсгөлийн их тайгын “судлагдаж дуусахгүй их лаборатор”-т судалгаа хийж, “Хөвсгөл далай ээж” нийгэмлэгээ байгуулж, нуур, усаа хамгаалахын төлөө өнөө ч тэмцсээр байгаа түүнтэй цөөн хором ярилцлаа. Доктор Ж.Оюумаа СТА, жүжигчин Л.Сөрөлтийн ээж бөгөөд гэр бүлээрээ байгаль орчны мэргэжилтэн ажээ -

Та гадны жуулчдыг анх Хөвсгөлд авчирсан гэдэг нь ихээхэн сонирхол татаад байна л даа. Энэ түүхээсээ хуваалцаач?

-   Би 1986 онд их сургуулиа төгсч очоод Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрыг анх байгуулсан хүн л дээ. Тухайн үед фосфоритын орд газрыг яг ашиглах гэж байсан үе. ОХУ-д Байгаль нуурыг хамгаалах хөдөлгөөн өрнөөд, өөрчлөн байгуулалт хийгээд эхэлчихсэн. Яг тэр үед манай дарга Хөвсгөл нуурыг хамгаалах ёстой гэж үзээд зургаан үндэслэл гаргаж ирсэн.

Нэгдүгээрт, фосфоритын ордыг зогсоох, хоёрдугаарт, Хөвсгөл нуур дээрх шатахууны тээвэрлэлтийг зогсоох, гуравдугаарт, ноос угаах үйлдвэрийг зогсоож, нуур руу бохироо хийхийг болиулах, дөрөвдүгээрт, мод бэлтгэлийг зогсоох гэх мэтчилэн жагсаалт гаргаад мэдээ, нийтлэл бичсэн. Хүнд хүрсэнгүй. Тэгээд Л.Балдорж сэтгүүлчийг дуудаж та л хамгийн сайн нийтлэлч юм чинь бичиж өгч тусла гэж бодит байдлаа танилцуулсан. Ингээд “Далай ээж цаазын тавцанд” гэдэг алдарт нийтлэл гарсан. Түүний дараагаар бүгд өөрчлөгдсөн. Ноосны үйлдвэр нь оёдлын үйлдвэр болсон, модны цехийг зогсоосон, фосфоритын орд газар ч зогссон. Тэгэнгүүт хүмүүс нүүгээд, тосгон эзгүйрээд сүйрэх шахуу юм болсон.

Ард түмэн ч бидэн рүү дайрч эхэлсэн. “Та нарын байгаль хамгаална гэж юу байсан юм. Ард түмний амьдралыг сүйрүүллээ” гэх мэтээр. Арга ч үгүй. Малгүй, ажилгүй хүмүүс яахаа мэдэхээ больж эхэлсэн. Тэр үед буюу Би тухайн үед далайн захад зуслантай. Завиар гол гаргаж өгдөг байсан юм. Бага сага англи хэл оролдож байсан учраас тэднийг ирэх үед хаанаас ирсэн, хаа хүрч яваа гэх мэтээр харилцаж чадсан. Надаас өөр англи хэл гадарладаг хүн Хатгалд байгаагүй. Тэгээд жуулчид манайд амьдарсан. Бид ч монгол заншлаараа дайлж цайлаад, хонуулж, өнжүүлээд л...бүр хоёр, гурван сар болсон. Тэр жуулчид цаатан байдаг гэдгийг дуулаад анх ирж. Тиймээс цаатнууд дээр очно гэсэн учир манай нөхөр дагуулж Баруун тайгад очиж байлаа. Тухайн үед цаатнуудын амьдрал ч хэцүү. Бараг өлбөрдөгийн даваан дээр. Нөгөө жуулчидтай манай нөхөр тэндээ бараг сар амьдарсан. Буцаж ирээд мөн л манайд хэсэг байж байгаад буцсан. Дараа жил нь дахиж ирэхдээ хэдэн морь ачаа тээчихсэн ирж, цаатнуудад хүнс бараа хүргэж ирсэн. Тэр дунд нь Швейцаарийн хоёр сэтгүүлч байж таарсан. Ирэхдээ Дархадын хөндийгөөр хэрхэн амьдарсан, монгол хүн хэрхэн амьдардаг, яаж тус болсон гээд бүгдийг биччихсэн сэтгүүлээ авчирч өгсөн.   

Монгол эмэгтэй хүн гэдэг ямар их тэвчээр, хатуужилтай байдгийг миний амьдралаар бичсэн байсан л даа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Үхэр малтай, хажуугаар нь багахан ногоо тариад түүнийгээ арчилна. Ирээд хүүхдүүдийнхээ барьсан загасыг шараад идчихдэг. Энэ бүхнийг үлгэр шиг л бичсэн байсан. Монголчууд хүнээс мөнгө авна гэж мэдэхгүй, тэгсэн атал бүхнээ зориулж үйлчилдэг, хүүхдүүд нь гурав, дөрөвхөн настай багаасаа малаа хариулж, ээж, аавдаа туслан хэрсүү өсдөг талаар маш ихийг бичсэн байсан. Ерөөсөө л энэ шинэ ертөнц. Хэн ч мэдэхгүй шинэ ертөнц мэтээр бичсэн.

Дахиад дараа жил нь ирэхдээ манай нөхөрт урилга авчирсан. Баруун Европоор дагуулж явсан. Манай нөхрийг Чингисийн монгол гэж танилцуулаад л, 32хон настай дөрвөн хүүхэдтэй, ийм царай зүстэй сайхан хүн байдаг юмуу гэх мэтэр гайхшруулж явсан гэдэг. Монголчуудыг үс сахландаа баригдсан хэдэн халтар нөхөд байдаг л гэж төсөөлж байсан бололтой.

Тэгээд манай нөхрийг мөн л кино зураглаач дагаж ирсэн. Анх мануулны зураг авна гэж ирчихээд мануул нь олдохгүй болохоор монгол айлын тухай, манай амьдралын тухай баримтат кино хийсэн. Тэгээд л жуулчид ирдэг болсон. Дараа дараагийн жуулчид ирэхдээ захиа бариад л ирдэг. Манайд амьдраад л буцдаг. Дараагийнхдаа манай зургийг өгөөд л явуулдаг. Тэгээд Хатгалын гудамжинд таарахдаа зургаар маань заалгаад л ирдэг байсан. Ийм маягаар хэдэн жил болсон. Хэдэн жил өнгөрсний дараа хүмүүс мөнгө олоод эхэлсэн чинь манайхыг зааж өгөхөө болиод нүүсэн гээд хэлчихдэг болсон шиг байгаа юм. Би ч ургамал судлалынхаа ажлаар хөдөө, гадаа яваад өгдөг болсон.

Тайгыхан аргаа ядаж байхад танайхан биднийг жуулчинтай залгуулсан гэдэг. Хатгалынхан Франц Лхагвацогтынх, Швейцарь Лхагвацогтынх гэж ярьдаг, манайхыг. Ингэж л аялал жуулчлал эхэлсэн.

Харин би дараа нь “Далайван” гэж дээд сургууль манай аймагт байгуулагдах үед нь Газарзүй, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж онолын үүднээс жуулчин гэж юу юм, яах ёстой юм гэдгийг ойлгож авч билээ. Хамгийн анх ирсэн жуулчид бол нээгч жуулчид байсан байгаа юм. Өөрсдийнхөө хувьд цоо шинэ ертөнц нээгээд олон хүмүүс сонирхоод эхлэнгүүт ирэхээ больчихдог.

Та бол Хөвсгөлийн энэ тайгыг тойроод ямар ус, ургамал байдгийг гарын арван хуруу шигээ мэддэг хүн байх. Тайгын бүсийн ургамал, усны онцлог юу байдаг юм бэ?

- Намайг 1986 онд ургамал судлаачаар төгсөх үед Байгаль орчны дөрвөн хууль л байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль ч гэж байгаагүй. Ганцхан нуур хамгаалах журам гэж байсан. Тэр журам дээр “Ховор ургамалын тархац нөөцийг тогтоож, хувьсалт өөрчлөлтийн он дарааллын бичиг хөтөлнө” гэсэн ганц өгүүлбэртэй. Би энэ өгүүлбэрээр бүх ажлаа хийсэн. Өөр уншаад мэдэх, заах юм байхгүй. Ууланд дандаа мориор явна.

Хөвсгөлийн экспедицид яваад ургамлаа жаахан таньдаг болчихсон байсан. Анх Вансэмбэрүүнээс эхэлж таниж мэдсээр байгаад Хөвсгөл нуурын эргэн тойрныг дуусгасан. Дархадын хотгор, Улаан тайга орчимд миний хүрээгүй газар байхгүй.  Тухайн үед  манай дарга хоёр га газар өгөөд чи ашигла гэсэн. Би юу хийхээ мэдэхгүй байж байгаад ховор ургамал, мод тарьсан чинь сайн ургууж чадсангүй. Тэгэхээр нь ажиглалт хийж эхэлсэн. Ургамлын хөгжил улирлаар яаж өөрчлөгдөж байна, ургац нь ямар байна, ямар ургамал нэмэгдэж байна, цаг уураас хэр шалтгаалж байна гэх мэтээр ажиглаад хөтлөөд байдаг. Тэмдэглэлээ сүүлдээ хааш нь хийхээ мэдэхгүй, тайлангаа бичихээр ойлгох хүн байхгүй. Тэгсэн мөртлөө бичээд л байдаг. Дээр нь нэмээд мал бэлчэн талбайг мөн хашаад, жуулчны баазын хашаанд ажиглалт хийсэн.

Сүүлд манай багш намайг чадавхижуулах гэж авчирсан хүн намайг - чи докторын ажил хийчихсэн байна шүү дээ. Хамгаал гэсэн. Тэгээд би хамгаалж байлаа. Үндсэндээ 20 жилийн байгалийн өөрчлөлт, ургамлын үзэгдлийн судалгааг хийчихсэн байсан.

Сүүлдээ аймгийн засаг даргын санаачилгаар аймгийн хэмжээний бүх ургамлын тархац, нөөцийн судалгааг би хийх даалгавар авсан. Хамгийн хэцүү нь нэг зунд хийж чадахгүй, нарийвчлал муутай учир нэг жилд нэг сумын ховор, ховордсон ургамлыг судалж байна. Тэгээд менежментийн төлөвлөгөөг боловсруулж өгдөг. Одоогоор 5-6 сумынхыг судалчихаад байна. Энэ жил Тосонцэнгэл, Тариалангийн судалгаа, их цайны ургамлын судалгааг хийж байна. 

Хүний хөлний нөлөөгөөр тайгад хуурай газрын ургамал түрж хялгана, агь ихэсч байна

20 жилийн наана, цаана гэдэг асар их зөрүү гарах байх. 20 жилийн өмнө хэдэн зүйлийн ургамал байсан. Одоо хэд болж өөрчлөгдсөн бол. Ховордсон, устсан зүйл байна уу?

- Бүр устсан ургамал байхгүй. Ховор ургамлууд голдуу хүний хөлөөс зайдуу ургадаг учир зэлүүд тайгадаа байдгаараа байгаа. Гол нь гадны нөлөө асар их нэмэгдэж байна...Хүмүүс ургамлыг тэр бүр таньдаггүй байсан бол одоо хаана л ямар ургамал байна бүгдийг нь авчраад бүр ургамлын зах ажиллуулж байна. Зардаг ургамлын тоо жил бүр нэмэгдэж байна. Энэ нь ургамалд асар их хөнөөл учруулна. Ургамлын бүлгэмдлийн хувьд маш их өөрчлөлт орж байна. Ургацын хэмжээ багасч байна. Хүн талхлаад байгаа газруудад цэцэг алаглаж харагдахаа больсныг та бүхэн анзаарч байгаа байх. Ингэж хүний хөлний нөлөөгөөр хуурай газрын ургамал түрж хялгана, агь ихэсч байна.

Судалж дуусахгүй том лаборатор Хөвсгөлд байна

Харьцуулсан судалгаа хийж үзсэн бол Хөвсгөлийн тайгын бүсэд ургаж буй ургамлын тоо хэмжээ, төрөл зүйл нь бусад бүсээс хэр олон байдаг юм бол. Ер нь ямар онцлогтой байдаг вэ?

-    Маш онцлогтой. Мөн Хөвсгөл өндрийн бүс. 1600 метрээс дээш босоо бүслүүрт оршдог. Тундр, ойт тундр, ой, таг, тайга гэх мэтээр босоо бүслүүрийн бүх хэв шинж байдаг.

Ургамлын зүйлийн бүрдэл нь маш олон янз гэсэн үг. Хээр, ой, тайга, тагийн бүсийн бүх ургамлыг харж болно. Бүслүүртээ таарсан бүх хэв шинжийн ургамал байдаг учир маш сонин, содон. Дээр нь Тиймээс 200-300 зүйл ургамлыг эмийн журмаар ашиглах боломжтой. Энэ бол дээд ургамалын тухайд шүү.

Хөвсгөлийн доод ургамал буюу хаг, хөвд, замаг гэх мэт бусад бүсээс маш их. Цавчим элгэн хадууд бүгд хаг, ой мод нь нэлдээ хаг. Онгон зэрлэг, цэвэр экосистемтэй газар хаг их байдаг. Мөн ихэнх зүйлийн хөвд Хөвсгөлд байна. Яагаад гэвэл тайган ойтой учир. Хөвд бол цэвдгийг хадгална, дулааныг тусгаарлана.

Дэлхийн дулаарлыг сааруулах гол хүчин зүйл нь хөвд. 300-аад зүйл хөвд тэмдэглэсэн. Ерөөсөө судлаагүй байна. Мөөг л гэхэд мөн 300-аад зүйл байна. Мөөг бол чийглэг, сэрүүн газарт ургадаг. Гэтэл энэ доод ургамлыг судлаагүй. Хамгийн үнэтэй төрөл зүйлээ судлахгүй орхигдуулсан гэсэн үг. Одоо бүртгэгдсэн байгаа нь л 2300 гаруй зүйл. Цааш судлах тусам шинэ зүйл нэмэгдээд л байдаг. Нэг удаа л явахдаа 10-20 гаруй зүлийн замаг бүртгэсэн байх жишээний. Би л гэхэд 30-40-өөд зүйлийн шинэ зүйл тэмдэглэсэн.  Тэгэхээр, таниж мэдээгүй байхдаа хамаг юмаа алга болгочихгүй юмсан л гэж их санаа зовж байна.

Амьтныг ч бас ярьж болно. 60 хэдэн зүйлийн хөхтөн амьтан байдаг гээд л яриад байна. Гэтэл эко системийн хувьд илүү ач холбогдолтой жижиг зүйлсээ мартчихсан. Сүүлийн үед Японы нэг эрвээхэй судлаач Хөвсгөлөөс өөр хаана ч байхгүй эрвээхэй олсон байсан. Мөн

Далай дотор байдаг ёроолын амьтад гэж бас бий. Тэдгээр амьтад усны цэвэр, тунгалаг эко системийг илтгэж байдаг. 90 хэдэн оны үед 230 гаруй зүйлийн ёроолын амьтан байна гэж тогтоосон. Үүн дээр нэмээд 20 гаруй зүлийг шинээр олоод бүртгэчихсэн байх юм. Нэг явалтаар л ийм их шинэ зүйл бүртгэж байгаа юм чинь судалбал юу болох вэ? Хамгийн гол нь эдгээр шинээр бүртгэгдэж буй зүйлс нь дан эндемик шүү дээ.

Хөвсгөлөөс өөр хаана ч байхгүй гэсэн үг биз?

-  Эндемик гэдэг бол ганцхан тухайн бүс нутагт л байдаг. Өөр хаана ч байхгүй биологийн төрөл зүйл. Манай багшийн нэрээр нэрлэсэн Жамсранов гэдэг нэртэй замаг хүртэл нээсэн байна шүү дээ. 

Бидэнд нэг асуудал байна. Уул уурхайгаар эдийн засгаа хөгжүүлээд хүмүүсийн мөнгөн орлого жаахан нэмэгдсэн юм биз дээ. Хүний хөгжлийн индексээр уул уурхайтай Өмнөговь зэрэг аймаг өндөр, Хөвсгөл маш доогур байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгээд Хөвсгөлд ч уул уурхайгаа хөгжүүлэх чиглэл барих гээд байх шиг. Гэтэл нүүрс хамгийн хортой нөөц. Дэлхий нийт татгалзаж байна.

Тиймээс бид Хөвсгөл нуурт байгаа асар том боломж, нөөцөө ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хөвсгөлийг шим мандлын дархан газар болгох. Тухайлбал, бид жимсний чанамалыг 10 мянгаар авч иддэг бол шим мандлын дархан газарт бүтээгдсэн жимс 20 долларт хүрнэ. Ерөөс шим мандлын дархан газарт бүтээгдсэн бүхэн дэлхийн зах зээлд 2-3 дахин өндөр үнэлэгддэг.

Тиймээс бид олон улсын судалгааны байгууллагуудыг татах, түүгээрээ дамжуулж тэдний судалгааны зардлыг төвлөрүүлэх гэх мэтээр асар олон боломж байна. Дан ганц Хөвсгөлийн ард түмэн бус монголын ард түмнийг хооллох боломж гэсэн үг.

Одоо таниас өөр Хөвсгөлд ургамлын судалгааг тууштай хийж байгаа хүн байна уу?

-    Би бие дааж судалгаа хийсэн хүн.  Шинжлэх ухааны академийнхан, сургуулиуд, гадныхан ирж судалдаг л даа. Гэхдээ нэгтгэсэн зүйл алга. Эрээвэр, хураавар. Ялангуяа манай шинжлэх ухаандаа оруулдаг хөрөнгө ямар билээ. Энэ бүхнээс шалтгаалаад судалгаагаар ирж байгаа хүмүүс нь 7-14 хоногийн томилолтой л ирдэг. Энэ нь фургоноор давхиж ирээд л буцах хугацаа шүү дээ. Гэтэл одоо эргийн бүсийг  хүртэл судлах шаардлагатай байна. Тэгж гэмээнэ Хөвсгөл нуурыг хамгаалах иж бүрдэл болно. Судалж дуусахгүй том лаборратор Хөвсгөлд байна.

Хөвсгөлийн бүс нутгийг онгон дагшнаар нь авч үлдэхийн тулд танай нийгэмлэг ажиллаж байгаа нь гарцаагүй. Ямар санхүүжилтээр ажиллаж байна вэ. Төр засгаас үзүүлж буй дэмжлэг тусламж байна уу?

-   Байгаль хамгаалах сангаас жил бүр тендер зарладаг. Би тендерт ороод ажилладаг. Засаг даргын санхүүжилтээр гэсэн үг л дээ. Гэхдээ судалгаанд маш бага зардал тавина. Гол нь би өөрөө дуртай учир очиж үзээгүй газар юм чинь гэж бодоод л замын зардал нь л болж байвал яваад л өгдөг. Ирээдүйд л хэрэгтэй. Энэ бол миний хүүхэд байхын мөрөөдлийн ажил байсан. Түүнийгээ л хийх гээд яваад байгаа юм. Дуртай биш бол энэ ажлыг хийхгүй байх. Би ганцаар учир дандаа хээрийн судалгаа л хийнэ. Нарийн лабораторын судалгааг хийж чадахгүй.

Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх аян өрнөж байна л даа. Үүн дээр таны өгөх зөвлөгөө юу байх бол?

-   Дэлхийн өвийн газар хоёр янз бий л дээ. Хүн ба шим мандлын газар. Дэлхийн байгалийн өв гээд. Манайх байгалийн соёлын өвд бүртгүүлэх гээд буцчихсан байдаг. Нэгдүгээрт ашиглалт, хоёрдугаарт, Байгаль нууртай харьцуулаад илүү гарах зүйлгүй гэж үзсэн байна. Одоо Хүн ба шим мандлын ангиллаар бүртгүүлэхээр зэхэж байх шиг байна. Дэлхийн өв бол онгоноор нь хамгаалахыг чухалчилдаг. Шим ба хүн мандал нь эко байдлаар ашиглахыг чухалчилдаг. Бид өмнө нь дөнгөж тав, зургаахан жуулчны бааз ажилладаг байх үед бүртгүүлэх гээд чадаагүй. Гэтэл одоо 200 гаруй жуулчны баазтай болчихоод байгаа нь жаахан харамсалтай.

30 хэдхэн насандаа Европуудыг гайхуулж байсан танай нөхөр болон хүүхдийнхээ ажлын талаар?

-   Харамсалтай нь манай хүн бурхан болчихсон. Бид хоёр бүх юманд хүсэл сонирхол нэгддэг, яг гэр бүлээрээ зүтгэдэг байсан. Ургамал судлалаар намайг явахад хамт явдаг. Аялал жуулчлал гээд явахад мөн л хамт явдаг. Сүүлд нь Мөрөнд орж ирчихээд бид хамтдаа “Уушигийн өвөр” гэдэг газрыг жуулчдын очих дуртай газар болгосон.

Монголын хамгийн олон буган чулуун хөшөөтэй “Уушигийн өвөр”-ийг тусгай хамгаалалтад авсан боловч хэн ч түүнийг хамгаалаагүй орхисон байсан. Тиймээс үүнийг хамгаалах шаардлагатай тухайгаа аймгийн даргад уламжилсан. Гэтэл бидэнд хамгаалах мөнгө байхгүй, хамгаалмаар байгаа бол өөрсдөө хамгаал гэсэн. Тэгэхээр нь ИТХ-аар тогтоол гаргуулаад “Хөвсгөл далай ээж” нийгэмлэг хариуцдаг болсон. 2004 оноос эхлээд. Би багшийн цалингаараа хамгаалалтын хашаа, саравч бариад дууссан. Дараа жилээс нь манай хүн ИТХ-аар мөн тогтоол гаргуулаад жуулчдаас хураамж авч, 3000 төгрөгийн тасалбар тасалдаг болсон. Нэг жил 10 жуулчин ирсэн. Гэтэл би тийшээ өөрийн хамаг мөнгөө хийгээд зарцуулчихсан байдаг. Тэгээд аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд оролцож сурталчилсан. Түүнээс хойш жуулчид сонирхож ирдэг болсон. Одоо аялагчид хүрэл зэвсгийн үеийн соёлыг тэндээс сурч, судалдаг болсон. Одоо түүнийгээ дэлхийн өвд бүртгүүлэх гээд явж байна. Би мөн л материалыг нь бүрдүүлсэн. 14 хөшөө байсан. Сая археологчид нэмж малтаад 22 хөшөө болсон.

Түүний дараа манай хүн “Авлига, хүнд суртлын эсрэг сүлжээ” гэгчийг байгуулаад аймгийн төсөв санхүү, удирдлага, шүүх, цагдаагийн шинэчлэл, ил тод байдлын төлөө тэмцдэг болсон.

Эхэндээ аймаг, орон нутгийн удирдлагууд огт хүлээж авдаггүй байсан л даа. Нэг юм ярихаар гэр бүлийн хоёр юм л ирчихсэн сууж байдаг. Сүүлдээ энэ хоёр яах аргагүй нийгмийн зүтгэлтэн хоёр гэж хүлээн зөвшөөрдөг болсон. Иргэний нийгмийг ч сайн сонсдог болсон.

Хүүхдүүдийн тухайд?

-  Таван хүүхэдтэй. Дөрвөн хүү, нэг охин. Хамгийн том нь байгаль орчны үнэлгээний “Хатан далай” гэж компани байгуулаад түүнээ удирдаад явж байна. Өмнө нь Газрын тосны газарт хамгийн анхны байгаль орчны мэргэжилтэн байсан. Ерөөсөө газрын тосны газарт байгаль орчны салбар ямар байдгийг үзүүлж тавьчихаад гарсан хүн. Хамгийн чухал нь байгаль орчны асуудал гэдгийг харуулсан шүү. Одоо бид хоёр хамтраад олон газарт үнэлгээ хийж байна даа.

Дараагийн хүү бол Сөрөлт гэж хүү бий. “Шинэ үе” продакшнаас ажлын гараагаа эхэлсэн. Одоо “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин. Сүүлийн үед дуулдаг болсон. Энэ хүү ч бас Хөвсгөл нуураа хамгаалах, байгаль орчноо хайрлах чиглэлд үг дуугарчих гээд байдаг. Нэгэнт нэр алдар олсон бол түүнийгээ ашиглаад ногоон хэрэглээ гэж юу байдаг талаар олон нийтэд уриалах хэрэгтэй гэж би хэлдэг.

Дараагийн хүү Дөлгөөн гэж бий. Яг надтай хамтарч ажилладаг. “Хөвсгөл далай ээж” нийгэмлэгийг авч явдаг хүн. Хээрийн судалгаа хийвэл хийнэ, ил тод байдал гэнэ үү тийшээ. Бид хоёр гар болоод ажиллаж байна.

Дөрөв дэх хүү Сантехникийн инженер. Байгаль орчноос ангид ганц инженертэй боллоо гээд бодож байтал тэр хүү яг  байгаль орчны хүн болсон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тооцоо судалгаа, цэвэр бохир ус, хөрс, усны дүн шинжилгээг хийдэг хүн болсон. Усны чиглэлээр ажиллаж байна.

Тав дахь нь охин. Байгаль орчны чиглэлээр төгссөн. Экологич мэргэжилтэй. Хүрээлэн буй орчноор Хятад улсад магистр хамгаалж байна. Хятадаас байгаль орчиндоо яаж менежмент хийдгийг сураад ир гээд явуулсан. Цэвэр, бохир усаа яаж шийдэж байна, хөрсний бохирдлоо яаж шийдэж байна, цэцэрлэгжүүлэлт, хотжилтоо яаж шийдэж байна гэдгийг судлаад явж байгаа юм.

Ер нь эко гэр бүл байна шүү дээ?

-  Ер нь эко гэр бүл шүү. Нийгмийн идэвхи сайтай. Гэр бүлийн хоёр хүн хоёул ийм байхаар хүүхдүүд нь ч адилхан л болдог юм байна. Манай хүн үргэлж хүн болж төрснийхөө хэргийг яаж гүйцээх вэ, монгол улсын ирэгнийхээ үүргийг яаж биелүүлэх вэ гэдгийг л бодож явдаг хүн байсан.  Ялангуяа өдий зэрэгтэй болохоор илүү ухамсарладаг ч байж болох. Яаж өгөхөө л боддог. Чаддаг л бол хийчихсэн, бүтээчихсэн, хүнд хүргэчихсэн гээд л явж байна даа.

Одоо танай нийгэмлэг яг юун дээр төвлөрч ажиллаж байна?

-  Ургамлын судалгаан дээрээ л төвлөрч байна. Ажлын тал хэсэг нь ургамлын судалгаа. Тэгээд Хөвсгөл нуураа хамгаалах асуудал. “Уушигийн өвөр”-ийн хамгаалалтаа ч давхар хийж байна. Ил тод байдлаараа ч мөн байнга ажиллаж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөрт анализ хийсэн. Засаг дарга ч алдаа дутагдлаа шууд хүлээж авсан.  Тухайн байгууллагатайгаа хамтарч ажиллаад, зөвлөмж өгөөд, өөрчлүүлэхийн төлөө ажилладаг. Түүнээс шүүмжлэхдээ гол нь бус. Мэдээж эерэгээр хэлсэн шүүмжийг шууд хүлээж авдаг. Бүр болохгүй үед тэмцэхээс өөр аргагүй л дээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.