Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох хүмүүсийг сонгон шалгаруулах зар мэдээлэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст байршжээ. Ингэснээр олон нийтийн шүүмжлэлийн бай болж байсан дээрх сургуулиуд шинэ захиралтай болох боломж бүрдэж байгаа аж.
Дээрх сургуулиудтай холбоотой дуулианыг эргэн сануулбал, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуультай холбоотой асуудал 2017 оны дөрөвдүгээр сард нийгэмд дуулиан шуугиан үүсгэж байсан юм. Тус сургуулийн багш нар ажлын байран дээрээ архидан согтуурдаг, багш нар нь дохионы хэл мэддэггүй атлаа сонсголгүй хүүхдүүдэд хичээл заадаг, сурагчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг, зоддог, ёс бус харилцдаг гэх асуудлыг тус сургуулийн сурагчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлсний дагуу тус сургуулийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Б.Батсайханыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлаас нь чөлөөлж байсан юм. Гэвч Б.Батсайхан захирал “Би энэ бүхэнд буруугүй. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн шүүхдэж эргэн ажилдаа томилогдож байсан юм.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд нийгэмд дуулиан тарьсны дараахан Монгол Улсын хэмжээнд цор ганцхан байдаг 116-р сургуулийн сурагчид хичээл хаялт зарлаж байлаа. Тэдгээр сурагчид энэ сургуулийн багш, удирдлагууд хүүхдүүдийнхээ үгийг сонсдоггүй, хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог, заналхийлдэг, сүрдүүлсэн сургалтын чанар муу зэрэг олон шалтгааныг дурдаж, Э.Энхзаяа захирлыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байсан билээ.