БСШУСЯ-наас өнөөдөр “Хичээл эхэллээ” өдөрлөгийг өөрийн байран дээрээ зохион байгуулж байгаа. Энэ үеэр сурагчдын дүрэмт хувцас ямар үнэ ханштайгаар худалдагдаж байгаа талаарх мэдээллийг холбогдох хүнээс тодрууллаа.
Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч Ч.Тамир:
Сурагчийн дүрэмт хувцас төсөл 2013 онд эхлээд өдгөө долоо дахь жилдээ үргэлжилж байна. Төсөл эхэлсэн цагаас хойш долларын ханш хоёр дахин өссөн боловч үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмэхгүй байх бодлого чиглэл барьсаар ирсэн. Хувцасны үнийн хувьд нас наснаасаа шалтгаалаад өөр байгаа. Бага ангийн эрэгтэй хувцасны эрэгтэй хүрэм 43,000, өмд 27,000, цамц 20,000, зангиа 6,000 гэх мэт байх жишээтэй. Хувцасны материалын орц найрлагыг улсаас баталж өгсөн. 40 хувь нь хонины ноос, 60 хувь полистер материалтай Япон улсаас ирсэн даавуу байгаа. Энэ материал маань өнгө огт алддаггүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд ноосны хольцтой ямар ч даавуу бөөсөрдөг. Арчилгаагаа зохих ёсных нь дагуу хийхэд бөөсрөх явдал бага байдаг. Бид борлуулалт сурталчилгаагаа фэйсбүүкээр голчлон явуулж байгаа. Улсын хэмжээнд Дорнод, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гэдэг дөрвөн цэгээр борлуулж байна. Улаанбаатар хотод Баялаг Ундраа, Хорооллын Номин, Дүнжингарав гэх мэт захуудаар зарж байгаа. Сурагчдын дүрэмт хувцасны тендерт шалгарсан долоон компани нийлүүлэлт, борлуулалтыг хийж байгаа. Мөн захуудаар импортоор орж ирсэн маш муу материалтай дүрэмт хувцас зарж байгаа учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ бодсон сонголт хийгээрэй гэж зөвлөе.