Монгол Улсын Засгийн газраас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаас өмнө ашиглалтад оруулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэд өгсөн. Уг ажлын хүрээнд “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарлахад есөн зураг төсөл ирсэн байна.
Монгол Үндэсний хэв маягийг харуулсан Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг аль загвараар хийх вэ гэдэг санал асуулгыг наймдугаар сарын 16, 17, 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авахад 24295 иргэн саналаа өгсөн байна.
Зургаа дугаартай энэхүү зураг төсөл 7791 хүний саналыг авсан бол Монгол эмээлний загвар хэлбэрээр хийсэн хоёр дугаартай зураг төсөл 5959 иргэний саналыг авчээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд гаргах бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэх зэрэг олон үзүүлэлтийн дагуу шинэ загварыг шалгаруулах юм байна.