БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” нээлттэй мэдээллийн өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нарын сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг:
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор манай яамнаас өдөрлөг зохион байгуулж, иргэд олон нийтэд салбарын бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж байна.
2019-2020 оны хичээлийн жилийн зорилт маш тодорхой болсон. Багш нар хичээлээ сайн заа, суралцагчдынхаа амжилтыг ахиул, агуулгын хоцрогдолгүй сурга, багш нарт нэмэлт ачаалал үүсгэхгүй байя, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэсэн зорилттой болсон. Нэг үгээр хэлбэл багш, эцэг эхчүүд рүү гол зорилт чиглэж, багш нарт эрхийг нь өгч боломжийг нь олгосон.
Энэ жилийн хичээлийн жилийн бүтэц батлагдсан. Бага анги 32 долоо хоног, дунд анги 33 долоо хоног хичээллэнэ. Хот болон орон нутгийн хүүхдүүдийн өвлийн амралт ялгаатай байгаа. Зуны амралт тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын 06-ны хооронд эхэлж, бүх анги амарсан байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэзээ амрахыг тодорхой мэдэж байх учраас ажил амралтаа зохицуулаад явах боломжтой болсон.
Энэ жилийн хичээлийн жилээс өмнө нийслэлд 6280 хүүхдийн суудал бүхий 14 сургууль, 4635 хүүхдийн хүчин чадал бүхий 29 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. 137 сургуульд 1.7 тэрбумын урсгал засвар хийж, 231 цэцэрлэгт 762 сая төгрөгийн урсгал засвар хийсэн.
2019-2020 оны хичээлийн жилд 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13140 хүүхдийн ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орно. Энэ ондоо багтаад эдгээр сургууль цэцэрлэгийн 90 гаруй хувь нь ашиглалтад бүрэн орно. Сүүлийн 10 жилийн хугацаанд ийм их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байгаагүйг цохон тэмдэглэмээр байна.
Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал халамж сул байна. Тиймээс эцэг эхчүүдтэй хатуу гэрээ байгуулж ажиллах шаардлагатай байгаа. Эцэг эхчүүдтэй байгуулах гэрээний үлгэрчилсэн загварыг баталсан. Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, хоцрогдолгүй суралцахад дэмжлэг үзүүлэх, хичээлийн хэрэглэгдэхүүнээр бүрэн хангах үүрэгтэй, 13 хүртэлх насны хүүхдээ заавал өөрийн биеэр хүргэж өгөх, хүүхдээ хичээл сургуулиас хоцроохгүй авах үүрэгтэй, эцэг эхийн хуралдаа заавал хамрагдах гэх мэт 14 үүргийг зааж өгсөн.
Энэ хичээлийн жилээс эхлэн бүх сурах бичгүүдийг сурагчдад түрээслэдэг болж байна. Тиймээс хүүхдүүд сурах бичгээ худалдан авах шаардлагагүй. Мөн иргэний боловсрол зэрэг хэд хэдэн хичээлийн агуулга хөтөлбөрийг бүрэн шинэчилсэн. 2019-2020 оны хичээлийн жилийг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Хичээлийн хөтөлбөр агуулгыг энгийн хялбар болгож, хүүхдүүдэд сурахад амар дөт байдлаар өөрчиллөө. Улсын хэмжээнд зохион байгуулдаг 20 гаруй олимпиадыг 9 болгон өөрчилсөн. Хэн нэгэн хүн өөрийнхөө нэрэмжит олимпиадыг зохион байгуулж, сурагчдад ачаалал өгдөг байсныг бүрэн зогсоосон. Хичээлийн 40 минутын хугацаанд сургуулийн захирал ч байсан хаалга онголзуулах эрхгүй болсон.
Энэ жил 10 гаруй мянган оюутан их дээд сургуульд элсэн орж байгаа. Өмнөх жилүүдэд жилдээ 30-40 мянга элсдэг байсан бол энэ жил бараг 4 дахин буурлаа. Их дээд сургуулийг хооронд нь нэгтгэж, чанарыг сайжруулах ажил тасралтгүй хийгдэж байна. Сургалтын төлбөр 1.6-3.6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Өнгөрсөн хавар таван их дээд сургуулийг татан буулгасан. Бид төрийн өмчийн сургуулиа дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэх цаг болсон. Дэлхийн хэмжээнд эрэмбэлдэг болгохын тулд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нэгтгэх шаардлагатай байгаа.