СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Суултуурт хүүхдээ төрүүлж аминд нь хүрсэн гэх эмэгтэйг гэм буруугүй гэж үзэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Төв Америкийн Эль Сальвадор улсад 21 настай эмэгтэй угаалгын өрөөний суултуурт төрж, нярай амьгүй болсон хэрэг олон нийтийг цочирдуулаад байсан юм. Эмэгтэйг санаатайгаар хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан боловч давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр гэм буруугүй гэж үзжээ.

Эвилин Хернандез шүүх хурал дээр өөрийн гэм буруугүй гэсэн байр сууриа бат хамгаалсаар байсан юм. Эмэгтэй жирэмсэн байсан гэдгээ мэдээгүй ба төрөх үедээ мэдээ алдсан, ухаангүй байсан гэжээ.

Прокурорууд түүнд 40 хүртэл жилийн хорих ял оноохыг шаарджээ. Уг шүүх хурлыг Эль Сальвадорын зургаан сая гаруй иргэн төдийгүй дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид нухацтай ажигласан юм.

Гэхдээ энэ мэтчилэн хүндэрсэн тохиолдолд нөхцөл байдал өөрчлөгдөж хүн амины гэмт хэрэгт тооцогдож хамгийн багадаа 30 жил хорих ял сонсдог байна. Хернандез 33 сар буй гурван жил орчмын дараа торны ардаас суллагдсандаа бурхандаа талархаж байна гэдгээ хэлж ирээдүйн зорилгынхоо төлөө шаргуу сурч боловсрохоо мэдэгдсэн байна.

Шүүх хурал бүрэн дуусаагүй боловч шүүгчид дуу нэгтэйгээр ээжийг гэм буруугүй гэж үзсэн анхны хэрэг юм. Үр хөндөлтийн эсрэг хатуу чанга хууль хэрэгждэг улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан шийдвэр гарсанд олон эмэгтэй баяртай байна.

 

 

Өнгөрсөн явдлыг эргэн сөхвөл Эвилин Хернандез 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Эль Сальвадор дахь гэртээ цус алдаж, хэвлий хэсгээр нь өвдсөн байна. Эмэгтэй гадаа хашаанд байрлах ариун цэврийн өрөөнд ороод ухаан алдаж, ээж нь эмнэлэгт хүргэжээ. Эмч нар түүнийг хүүхэд төрүүлсэн гэдгийг тогтоож суултуураас нярайн цогцос олдсон тул цагдаа нар баривчлан саатуулсан байна. Тухайн үед Хернандез 18 настай байсан бөгөөд гэмт бүлгийн гишүүнд хүчирхийлүүлсэн ч бие давхар болсон гэдгээ огт мэдээгүй байсан хэмээн ярьсан. Түүний хэлснээр хэрэв жирэмсэн гэдгээ мэдсэн бол хүүхдээ төрөх хүртэл хүлээж бахархаж, баярлах байсан гэжээ.

Шүүхийн шийдвэрээр эмэгтэйд 30 хүртэл жилийн хорих ял оноосон ч өмгөөлөгчид нь давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргасан юм. Учир нь нярай эхийн хэвлийд байхдаа амьгүй болсон байсан гэж үзжээ. Тиймээс санаатайгаар бус санамсаргүй тохиолдлоор буюу гадны нөлөөгүй ураг амьгүй болсон хэмээн өмгөөлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.