Нью Жерси мужийн Линденвольд хотын галт тэрэгний буудлын гадаа ой 10 сартай охиноо халуун машинд үлдээж цоожилсон хариуцлагагүй явдлаас болж бяцхан охин амьсгал хураасан хэрэг гарчээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 15 цаг 38 минутад 911 –д автомашин дотор жоохон хүүхэд байгаа тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаа нар ирж автомашины зорчигчийн талын шилийг хагалж охиныг гаргасан ч дуудлага өгснөөс хойш ердөө 16 минутын дараа буюу 15 цаг 54 минутад охин амьсгал хураасан байна. Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэжээ.
АНУ-ын Үндэсний аюулаас хамгаалах зөвлөлийн мэдээгээр тус улсад жил бүр 38 хүүхэд халуун машинд орхигдож, түгжигдсэнээс болж амиа алдаж байна. Тэр дундаа долдугаар сарын халуун цаг агаарт хамгийн их хүүхэд дээрхтэй ижил тохиолдлоор амиа алддаг аж.
Эцэг эхчүүд хүүхдээ машиндаа мартах, санамсаргүйгээр машины хаалга түгжигдэх зэрэг тохиолдлууд дийлэнх хувийг эзэлдэг бол санаатайгаар машиндаа үлдээж явсан тохиолдол цөөн гардаг байна. Өнгөрөгч 2018 онд 20 жилийн хугацаанд хамгийн олон хүүхэд машинд түгжигдэж амиа алдсан буюу жилийн дотор 52 хүүхэд амьсгал хураажээ.
Эх сурвалж: www.cnn.com