Аляскийн оршин суугч Тайлер Иваноф түлээний мод хайж байгаад орос хэл дээр бичсэн зурвас захидал бүхий шилэн лонх олж, захидалд чухам юу бичсэнийг орчуулж өгөхийг хүсэн Facebook хуудасдаа байршуулжээ. Гэтэл түүний олсон захидлыг 50 жилийн өмнө бичсэн нь тогтоогдоод зогсохгүй уг захидлыг бичиж далайд шидсэн усан онгоцны ахмад амьд мэнд олдож өөрийн гараар бичсэн зурвасыг таньсан байна.
Шилэн лонхтой захидлыг 1969 онд Оросын Сулак усан онгоцны ахмад Анатолий Боцаненко өөрийн гараар бичиж далайд шидэж байжээ. Тэрээр өдгөө 86 насыг зооглосон ба өөрийн бичсэн зурвасыг шууд таньж захидлын түүхийг өгүүлжээ.
Иванофын олсон захидалд “Оросын алс дорнодын усан флотын усан онгоц Сулакаас хүндэтгэн мэндчилж байна. Энэ захидлыг олсон танд мэнд дэвшүүлж Владивосток-43 Сулак хөлөг онгоцны баг хамт олонд мэдэгдэхийг хүсье. Бид танд эрүүл энх, урт удаан насалж аз жаргалтайгаар аялахыг хүсэн ерөөе! 1969 он, зургадугаар сарын 20-ны өдөр” гэжээ.
Ахмад Анатолий Боцаненко Россия 1 телевизэд өгсөн яриандаа өөрийнх нь бичсэн захидал олдсонд маш их сэтгэл хөдөлж, баяртай байгаагаа илэрхийлэн нулимс дуслуулжээ. Тэрээр 1966-1970 он хүртэл Сулак хөлгийн багийг ахалж далайд аялжээ.
Иваноф Шишмареф тосгон дахь гэрээсээ 30 гаруй км-т түлээний мод хайж явахдаа лонхыг олж онгойлгох гэхэд маш хэцүү байсан бөгөөд эцэст нь шүдээрээ татаж 50 жилийн турш хүний гар хүрээгүй шидэт савыг нээсэн байна. Лонхон доторх захидал хув хуурай байсан төдийгүй дотроос нь дарс мэт хуучны согтууруулах ундааны үнэр арилаагүй байсан аж.
Эх сурвалж: www.bbc.com