Үзэсгэлэнтэй байгаль, сайхан цэцэгст дургүй хэн байх билээ. Дэлхий дээр олон төрлийн гайхамшигт ургамал байдаг ч 12 жилд ганцхан удаа дэлбээлдэг цэцэгний тухай та сонсож байсан уу. Энэтхэг улсын Керала мужид өнгөрсөн наймдугаар сард үер болсны дараа Муннар толгодод байгалийн онц сонирхолтой үзэгдэл тохиож байна.
Нутгийнхны neela-kurinji буюу хөх цэцэг гэж нэрлэсэн бутлаг ургамал толгодыг бүхэлд нь бүрхжээ. Хамгийн сүүлд 2006 онд Муннар толгодод энэ үзэгдэл болж, далайн түвшнээс 1,500 метр өндөрт хөх, нил ягаан ширдэг дэвссэн мэт байж.
Тэртээ 19 дүгээр зууны эхээс аялагч жуулчид энэ үзэгдлийг харахын тулд алс холоос зорин ирдэг байсан гэнэ. Муннар толгод байгалийн гамшигт өртөх нь элбэг тул цэцэгсийг харахаар ирэх жуулчдад эрх баригчид сэрэмжлүүлэг өгөөд байна.
Хөх цэцэг 0,5-3 метр өндөр ургадаг бутлаг ургамал юм. 8-10 дугаар сарын хооронд ганцхан удаа цэцэглээд үхчихдэг. Дахин цэцэглэлгүй арав гаруй жил хүлээдэг гэнэ.
Эх сурвалж: www.qz.com