Тэнгэр баганадсан өндөр барилгуудад гарч “Хүн аалз” хоч авсан Францын адал явдалд дурлагч Ален Роберт Хонконгийн Ченконг цамхагт авирч энх тайвныг уриалсан байна. Тэрээр Хонконгийн болон Хятадын далбааг гартаа барьж олон сарын турш жагсаал тэмцэл үргэлжилж буй тусгай бүсэд зөрчил мөргөлдөөнөө зогсоох хүсэлтэй гэдгээ өөрийн үйлдлээр илэрхийлжээ.
Робертын хэлснээр нөхцөл байдлыг бүрэн намжааж чадахгүй ч уур амьсгалыг зөөллөж, илүү олон хүн эергээр инээмсэглэх болно гэжээ. Хүн аалз урьдын адил ямар нэг олс, хамгаалалтын хэрэгсэлгүй цамхагт гарсан байна.
Ченконг цамхгийн эзэн Азийн тэрбумтан Ли Ка Шинг эмх замбараагүй байдлыг шүүмжлэгчдийн нэг ба өнгөрсөн долоо хоногт Хонконгийн сонингуудад энх тайвныг уриалсан сурталчилгаа нийтлүүлжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Хонконгийн шүүхээс Ален Робертыг 365 хоногийн турш тусгай бүсийн эзэмшилд байдаг цамхагт авирахыг хориглосон юм. Бүрж Халифа, Петронас цамхаг, Тайпей 101, Херон зэрэг дэлхийн алдартай өндөр барилгуудад авирч олны танил болсон хүн аалзыг энэ оны эхэнд Филиппин улсад баривчлан саатуулсан тохиолдол гарчээ.
Эх сурвалж: www.bbc.com