"Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурал Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд өнөөдөр эхэллээ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хуралд оролцож, нээж үг хэлэв. Энэхүү эрдэм шинжилгээний их хурал энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Тэнгэрийн үзэл ба Космизмын онол” сэдвийн дор болж өндөрлөх юм.
Тус хурлыг Шамбала музейгээс Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, ГХЯ, ОХУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд орос, итали зэрэг хорь гаруй улс орны эрдэмтэн судлаачид оролцож, судалгааныхаа илтгэлийг тавьж, хэлэлцүүлэх юм.
Хурлын үеэр Дүрслэх урлагийн музейн судлаачид өөрийн сан хөмрөгт хадгалагдаж, олонд танилцуулж байдаг Н.К.Рерихийн зурж бүтээн 1927 онд Монгол Улсын Ерөнхий сайд Цэрэндоржид бэлэглэж байсан “Улаан хөлөгт баатар” уран зургийн талаарх химийн шинжилгээний танилцуулга илтгэлийг тавих юм байна.
Н.К. Рерих нь Монгол орноор тойрон аялсныхаа дараа энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд “Шамбалын хаан Рэгдэндагва ирж байна, монгол эх оронд шамбалын эрин үе ирж, ард иргэд нь олноор жарган суух сайн цаг болно” хэмээн бэлгэдэн зурсан гэж үздэг байна.
Улмаар уг зургийн нэрээр нийслэл хотоо Улаанбаатар хэмээн өгсөн ч гэж зарим эрдэмтэд нотлон тайлбарладаг байна. Мөн энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас Н.К.Рерихийн гэр музейн үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэж, “Улаан хөлөгт баатар” зургийн эх хуулбарыг “Шамбала” музейн удирдлагад гардуулан өглөө.