Үндэсний статистикий хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалд хийсэн 2019 оны 2-р улирлын судалгааг танилцуулсан билээ. Уг судалгаагаар анхаарал татахуйц нэгэн дүн гарчээ. Энэ бол монгол улсын хүн амын баян, ядуугийн зааг ялгаа өсч байгаа үзүүлэлт.
Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг Жини коэффициентээр тодорхойлдог бөгөөд 2019 оны 2 дугаар улиралд Жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.005 нэгж, өмнөх улирлаас 0.018 нэгжээр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, баян ядуугийн ялгаа нэмэгдэж байна гэсэн үг юм.
Орлогын тэгш бус хуваарилалт буюу Жини коэффициентийг бүсээр нь ангилж үзвэл,
Төвийн бүсэд - 0.341,
Улаанбаатар хотод - 0.337 болж, улсын дунджаас 0.004-0.008 нэгжээр их,
Баруун, Хангай, Зүүн бүсэд - 0.285-0.326 болж, улсын дунджаас 0.007-0.048 нэгжээр бага гарчээ. Эндээс харвал, орлогын тэгш бус хуваарилалт буюу баян ядуугийн ялгаа төвийн бүс болон хот руу илүү ихэсч байна.
Хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хэрэглээ 7.4 хувийг эзэлж байгаа бол хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.5 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулжээ.