Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээсэн талаар мэдээлж байна.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн булш байна гэх мэдээллийн дагуу Монголын Үндэсний музей, АНЦ-ын Питсбургийн их сургууль, Америк Монгол Судлалын төв хамтран холбогдох булшийг хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийжээ. Тоногдсон булш, овоолсон шороо, ухсан нүхийг нягтлан шалгахад 700-800 жилийн өмнөх мөнх цэвдэг дотроос гурван ваартай өрөм, нэг ваартай шар тос, алт, мөнгө, төмөр, яс, шир, торго, үйсээр хийсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүн олдсон байна.
Ялангуяа алтан нар, сарны дүрс, бурхны дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэг, алтан бүсний чимэг тоноглол, алтан утастай хас луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны эдлэлүүд, ширэн гутал, нум сумны зэв саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз адуу малын тоног хэрэгсэл олдсон нь дэлхий дахин нэгэн нээлт болж бүртгэгдээд байна.