Мексик улсын хилээр дамжин Өмнөд Америкаас ирэх олон арван мянган цагаачдын урсгалыг зогсоохын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аварга том хана босгох мөрөөдөлтэй. Түүний мөрөөдөл Америк тивд хараахан биеллээ олоогүй байгаа ч Африк тивд биелж байна.
Африк тивийн чинээлэг орнуудын нэг Экваторын Гвиней улс хөрш Камерун улсын хил дээр цагаачдаас сэргийлсэн 183 км урт хана босгохоор төлөвлөж байгаа ажээ. Ханын суурь хэдий нь тавигдаж эхэлсэн гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн нь Камерун улсад зөрчил үүсгэж байна. Учир нь тус хана Камеруны газар нутагт түрэмгийгээр халдаж буй хэрэг хэмээн эсэргүүцжээ.
Далайн эргийн жижиг улс Экваторын Гвиней 1990-д оны үеэс газрын тосны нөөц баялгаа илрүүлснээс хойш хөрш зэргэлдээх улс орнуудтайгаа зөрчилдөх нь ихэсчээ. Газрын тосоор чинээлэг жижиг улсад Камеруны хилээр дамжин төв болон баруун Африкаас хууль бус цагаачид олноор ирэх болжээ. Олон тоогоор ирж буй цагаачид төдийгүй гадныхан улс орондоо ажлын байр бий болгох, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх эдийн засгийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх боломжийг үгүй хийж байна гэж эрх баригчид үзсэн байна.
2017 онд Камерун улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсан даруйд Экваторын Гвиней улс хилээ хааж 2019 оны нэгдүгээр сард дахин нээжээ. Ердөө 1,2 сая хүн амтай жижиг улс Сахарын Африк дахь дөрөв дэх том газрын тос үйлдвэрлэгч орон юм.
Эх сурвалж: www.qz.com