Хонконгийн олон улсын нисэх буудлаас хөөрөх бүх нислэгүүдийг цуцалсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Олон улсын нисэх буудлын төв терминалд Засгийн газрын эсрэг жагсаал дөрөв дэх хоногтоо үргэлжилсний улмаас ийнхүү нислэгүүдийг цуцалсан гэжээ.
Нисэх буудлын удирдах газраас энэ талаар мэдээлж олон нийтийг нисэх буудалд аль болох ирэхгүй байхыг зөвлөжээ. Харин Хонконгийг чиглэсэн нислэгүүдийг газардуулж зорчигчдыг хүлээж авч байсан ч гаднаас ирэх нислэгүүдийн чиглэлийг өөрчлөх аль эвсэл цуцалж эхэлснийг CNN агентлаг мэдээлэв. Нисэх буудлын орчимд жагсагчид бослого хөдлөгөөнд нэгдэж буйгаа илэрхийлэн хар өнгийн хувцас өмссөн ба терминалд олон мянгаараа нэвтэрсэн ч жагсагчдын тоо нэмэгдсээр байна гэжээ.
Олон мянгаараа нэгдсэн жагсагчид зорчигчдод төвөг удаж байгаадаа хүлцэл өчсөн ч амьд үлдэхийн төлөө тэмцэж байна хэмээн бичжээ. Нисэх буудал дээр хаачихаа мэдэхгүй болсон гадны жуулчид гацсан ба одоогоор 180 гаруй нислэг цуцлагдаад байна. Эх сурвалжийн дамжуулснаар мягмар гарагийн өглөө хүртэл нисэх буудал үйл ажиллагаагаа түр зогсоох юм. Нисэх буудалд цугласан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулсан тухай мэдээлэл цацагджээ.
Дэлхийн худалдаа эдийн засгийн гол төвүүдийн нэг Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа саатсанаар бүс нутагт төдийгүй олон улсад сөрөг үр дагавартай гэж шинжээчид таамаглаж байна. Тус нисэх буудал дэлхийн 200 гаруй чиглэлд хоногт зорчигч болон ачаа тээврийн 1,100 нислэг үйлддэг ажээ.
Аялагч, жуулчид амралтын өдөр бүр Хонконгийн гудамж талбай нулимс асгаруулах хий, жагсаал цуглаанаар дүүрэх болсон тул аюулгүй байдалдаа санаа зовж эхэлсэн. Америк, Австрали, Их Британи, Ирланд, Япон, Сингапур зэрэг улс орнууд Хонконгийг зорьсон иргэдэд аюулгүй байдлын зөвлөмж сэрэмжлүүлгийг аль хэдий нь өгчээ.
Гэсэн ч Хонконгийн Аялал жуулчлалын хорооноос гадны аялагчдад үүд хаалга үргэлж нээлттэй ба жуулчдын хамгийн их очдог Peak Tram, Ladies' Market, Star Ferry зэрэг газруудад аюулгүй гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com