Оросын Цагаан тэнгист амиа алдсан цөмийн эрдэмтдийг Үндэсний баатар цолоор нэхэн шагнасныг эх сурвалж мэдээллээ. Эрдэмтэд далай дахь цөмийн пуужингийн хөдөлгүүр дээр туршилт хийж байгаад учир битүүлэг шалтгаанаар дэлбэрч амиа алдсан байна.
АНУ-д төвтэй цөмийн шинжээчдийн хэлснээр цөмийн цэнэгтэй далайн хөлгийн шатахуун туршилтын үеэр шатаж таван эрдэмтэн амиа алдсан гэжээ. Түүнчлэн барууныхан уг зэвсгийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путины өнгөрсөн жил сайрхан мэдэгдэж байсан зэвсэг мөн гэж таамаглажээ.
Росатом цөмийн агентлагийн тэргүүн Валентин Костюков “туршилтад оролцож байсан эрдэмтэд бол үндэсний баатрууд юм. Тэд ОХУ-ын цөмийн төвийн шилдгүүд бөгөөд маш хүнд нөхцөлд туршилт явуулж байсан” гэжээ.
Амиа алдсан таван эрдэмтэд Саров хотын ойролцоо ажиллаж байсан ба тус хотод хоёр хоногийн турш гашуудал зарласан юм. Алексей Вьюшин, Евгений Коратаев, Вячеслав Липшев, Сергей Пичугин болоод Владислав Яновский нарыг үндэсний баатар цол тэмдгээр нэхэн шагнасныг Костюков мэдэгдсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамнаас уг дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхит бодисын ямар нэг нөлөө, өөрчлөлт илрээгүй гэж мэдээлж байсан ч зэргэлдээх хотуудад оршин суугчид цацраг идэвхт бодисын хор нөлөөг бууруулахад хэрэглэдэг иодыг нөөцөлсөн байсан гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com