СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Бямбадулам: Ахыг минь эрүүдэн шүүж байгаа бичлэгийг манайхан уйлаад үзэцгээсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн буруутгагдаж, шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаагийн төрсөн дүү Б.Бямбадуламтай ярилцлаа.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцад эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх асуудлыг шүүх одоо хэлэлцэж байна. Энэ хэргийг шударга шийдэх болов уу?

-Б.Содномдаржаа бол миний ах байгаа юм. Шүүхийг шударга шийдэх байх л гэж бодож байна. Дөрөв таван жил энэ хүн хэлмэгдэж хэцүү байлаа. Олон ч шүүх хурлыг давлаа. Өнөөдрийн энэ хэргийг шударгаар шийднэ гэж найдаж байна даа.

-Өмнө нь гурван шатны шүүхээс таны ахыг гэм буруутай гэж үзсэн байхад та шүүхэд итгэх итгэлээ алдаагүй гэж үү?

-Эхний хоёр шатны шүүхийн шийдвэрийг гарахад би шүүхэд итгэж л байсан. Харин Дээд шатны шүүхийн шийдвэр  тэгж гарахад шүүхэд итгэх итгэл найдвараа алдсан даа.

-Миний санаж байгаагаар гурван шатны шүүхийн шийдвэр яг ижилхэн гарсан шүү дээ?

-Тэр үед би Дээд шүүх арай ондоо байх болов уу гэж итгэж байсан. Монголын шүүх нийтээрээ арай ч тийм муухай байна гэж бодоогүй.

-20 жилийн өмнө С.Зориг агсны амь насыг хөнөөдөг хэрэг гарах үед та хэдтэй байв? Таны ах хэдэн настай байсан бэ?

-1998 онд ах минь 21, харин би 19 настай байсан.

-Тэрхүү аймшигтай хэрэг гардаг шөнө та болон таны ах хаана байсан бэ?

-Эрдэнэт хотод байсан. Манайх Эрдэнэт хотын хороололд жижиг фермерийн аж ахуйтай байсан. Малаа хариулах, усанд явах гэх мэт ажлаа хийдэг байсан. Тийм байтал ахыг минь энэ хэрэгт холбогдуулсанд ихэд гомдолтой байдаг.

-Тэгэхээр тэр шөнө та хоёр хамтаа байсан гэсэн үг үү?

-Тийм хамтдаа байсан. Бид нэг хашаанд аавынхаа хажууд байдаг байсан. Хэлмэгдүүлэлт гэдэг ийм л аймар байдаг юм байна.

-Таны ахыг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Отгонбилэг агсны малчин байсан гэх яриа байдаг. Тэр үнэн үү?

-Худлаа. Манайх 30 хар тарлан үнээний фермтэй, гурван га ногооны талбайтай байсан.

-Таны ахыг хэзээ хэлмэгдүүлэн баривчилсан бэ?

-2015 оны наймдугаар сарын 31-нд.

-Тэр үед Б.Содномдаржаа хэдэн хүүхэдтэй байлаа?

-Таван хүүхэдтэй. Зургаа дахь нь гарах гээд жирэмсэн байсан үе.

-Таны ахын эхнэр надтай хийсэн ярилцлагынхаа үеэр “намайг хууль хүчнийхэн айлгаж дарамталдаг байсан” гэж хэлж байсан. Танд тийм дарамт ирж байсан уу?

-Надад ирээгүй. Гэхдээ байнга дагадаг байсан.  Улаанбаатар дугаартай хар, цагаан элдвийн машин дагадаг байсан. Ахыг хэрэгтэн болгочихоод биднийг дагаад байсан учраас сүүлдээ айж эхэлсэн. Тэр ажиллагааг тагнуулынхан л хийдэг байсан юм билээ.

-Ил цагаан элдвийн дарамт ирж байсан уу?

-Ирж байгаагүй. Гэхдээ ээж, бэр хоёрыг минь элдвээр дарамталж, сэтгэлийн шаналалд унагадаг байсан. Г.Амгаланбаатар гэдэг хүний нэрэн дээр элдвийн дарамт мессеж ирдэг байсан.

-Ц.Амгаланбаатар гэдэг хүний мэдүүлгээр л таны ахыг хэрэгт татсан юм шиг санагддаг. Ер нь энэ Ц.Амгаланбаатар танай гэр бүлтэй ямар хамааралтай хүн бэ?

-Манайхтай хамаатан садан байгаагүй. Яахав зэргэлдээ хашааны айл байсан учраас нэг нэгнээ мэдэлгүй яах вэ? Хэрэг гардаг үед Ц.Амгаланбаатар жижигхэн биетэй, 15, 16 настай жижигхэн хүү байсан. Би мэдэлгүй яах вэ дээ. Нусаа гоожуулсан хүүхдийг хүн алуулна гэж явуулах уу. Энэ бол зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт.

-Ялтан Ц.Амгаланбаатар багын тийм харгис балмад хүүхэд байсан юм уу? Өөр хэд хэдэн хүний амийг хөнөөсөн гэж буруутгагдсан л даа.

-Хүүхэд байхдаа тийм байгаагүй. Бид хажуу хавирганы хүмүүс учраас мэднэ. Арван хэдэн насандаа манай хажуугаас нүүгээд явсан. Нэг мэдсэн чинь л хүн амины хэрэгт холбогдсон байна гэж дуулсан. Бидний хувь бол жижигхэн хүүхэд байсан.

-Ц.Амгаланбаатар хажуу айлдаа хэр түшигтэй хүүхэд байсан бэ? Бүрэг ноомой байсан уу?

-Тэрийг бол мэдэхгүй. Манай ах чинь тэрнээс том байсан учраас харьцаг ч байгаагүй. Яах вэ манай дүү Ц.Амгаланбаатартай үе тэнгийнх болохоор тоглодог байсан.

-Ц.Амгаланбаатарын аав ээж нь ямархуу хүмүүс байсан бэ?

-Ц.Амгаланбаатар өргөмөл хүүхэд шүү дээ. Жинхэнэ аав ээжийг нь би мэдэхгүй. Өргөж авсан ээжийг нь Гансүрэн, аавыг нь Доржсүрэн гэдэг байсан санагдаж байна.

-Өргөж авсан ээж аав нь түүнийг их зоддог байсан уу?

-Үгүй ээ. Тэр айл чинь хүүхэдтэй болж чадахгүй байсан учраас өргөж авсан юм билээ. Аав ээж нь их дөлгөөхөн хүмүүс шүү дээ. Яах вэ эмээ дээрээ өссөн учраас жаахан дураараа өссөн байх.

-Таны ахыг хэрэгт холбогдон шалгагдаж байх үед ахын тань ёс бус бичлэгүүд МҮОНТВ-ээр гарч байсан?

-Ах минь уурлаж уцаарласан ч гэлээ надад нэг ч удаа гар хүрч байгаагүй. Ах минь тийм үйлдэл хийх хүн биш. Би итгэхгүй байгаа.

-Өнөөдрийн шүүх хурлаар ахад тань эрүү шүүлт тулгасан нь үнэн гэж тогтоовол ямар эрх зүйн үр дагавар гарах вэ?

-Хэрэг задрах, дахин шүүх хурал болох байх.

-Эрүү шүүлт тулгасныг шүүхээс тогтоовол ах чинь суллагдах уу?

-Би ахыгаа л гаргахын төлөө л яваад байгаа. Тэрний төлөө тэр холоос ирж байна.

-Б.Содномдаржаагийн хүүхдүүд ирсэн үү?

-Ирээгүй. Харин эхнэр нь ирсэн. Нийтдээ найман хүн Эрдэнэтээс ирсэн.

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж таны ахаас уучлалт гуйсны дараа танай гэр бүлд ямар өөрчлөлт гарав. Тэрнээс өмнө танай гэр бүлд ямар дарамт ирдэг байв?

-Хүүхдүүдэд нь их хэцүү байсан. Том охиныг нь танай аав алуурчин гэж хэлж дарамталдаг байсан. Эрдэнэтийнхэн манай ахыг ямар хүний хүүхэд вэ гэдгийг мэддэг учраас буулт нь гайгүй байгаа. Хилсээр ялласан гэдгийг ард түмэн харсан. Бичлэгийг ч үзсэн.

-Эрүү шүүлт тулгасан бичлэгийг УИХ-ын гишүүд үзээд шоконд орж байсан. Яг ар гэрийнхэн нь үзэхээр яах байна?

-Ёстой аймаар байсан. Бүгдээрээ л уйлсан. Ямар л хүн тийм бичлэгийг хараад тэсэх вэ? Үнэхээр аймшигтай байсан.

-Танд олон нийтэд хандаж хэлэхийг хүсдэг зүйл байдаг уу?

-Шүүх шударга шийдээсэй л гэж хүсэж байна.

-Шүүх Б.Хурц нарыг буруугүй гэж шийдвэл яах уу?

-Тэмцэнэ шүү дээ. Ард түмэн ч бас тэмцэнэ байх.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.