Уэльсийн иргэн уртаараа дэлхийд гуравдугаарт, Ази тивд тэргүүлдэг Хөх мөрнийг эхээс нь адаг хүртэл туулж, Хятадыг хөндлөн гулд аялсан дэлхийн анхны аялагч болон түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. Түвдийн тэгш өндөрлөгийн мөсөн голоос эх аван урсдаг алдарт Хөх мөрнийг дагаж адал явдал эрэлхийлэхийн тулд Эш Дайкс жилийн хугацаа зарцуулсан байна.
Хөх мөрөн Хятадын баруун өмнөдөөс зүүн өмнөдөд хөндлөн урсаж Шанхай хотын ойролцоо Зүүн Хятадын тэнгист цутгадаг тул Дайксын аялал өнөөдөр энд дуусчээ. Жилийн турш үргэлжилсэн ганцаарчилсан аялал хоёр хоногийн өмнө дуусах ёстой байсан ч Лекима хар салхины улмаас хойшилж тэрээр өнөөдөр бариандаа оров. Лекима хар салхины улмаас Хятадад 40 гаруй иргэн амиа алдаад байгаа юм.
Нил, Амазон мөрнүүдийн дараа ордог Хөх мөрөн 6,300 км урсдаг ба нэг улсын нутаг дэвсгэрт урсдаг хамгийн том мөрөн гэдгээрээ алдартай. Дайкс уг аяллынхаа туршид амсаж туулсан, үзсэн харсан бүгдээрээ түүх болон үлдэх хэмжээний ном зохиол бичиж мандарин буюу хятад хэлнээ хөрвүүлэхээр төлөвлөж байгаагаа хуваалцжээ.
Түүний хэлснээр Хөх мөрний аялал Хятад даяар олон хүний анхаарал татаж эхэлсэн бөгөөд ийнхүү олны анхаарлын төвд орно гэж бодоогүй ажээ. Adidas, GQ сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна жүжигчин Жет Ли зэрэг олны танил алдартнууд Дайксыг сонирхож хамт зургаа авахуулсан байна.
Уэльсийн иргэн Хөх мөрнийг даган ганцаар аялахдаа олонд тэр дундаа өрнөдийн орнуудад нууцлаг Хятадын байгаль экологи, соёлын талаар судалгаа хийж бусдад таниулахыг зорьжээ. Аялал түүнд амар байсангүй. Таван ч удаа 5,100 метр буюу Эверестийн оргил дахь төв баазын өндөртэй тэнцэхүйц өндөрлөгт гарчээ. Хамгийн хүнд хэцүү үе аялал эхлэхэд тохиосон гэжээ.
Аялал эхлэх ёстой хугацаанаасаа хоёр сараар хойшилсноор анхны цас бударсан өвлийн -20 хэмийн хүйтэнд замдаа гарчээ. Хүйтний улиралд баавгайнууд ан олз хайж уулнаас бууж ирдэг тул сонор сэрэмжтэй байхгүй бол зэрлэг араатны хоол болох эрсдэлтэй тулгарсан байна. Дайксын хэлснээр Хөх мөрнийг дагах аялал нь өндөрлөсөн боловч түүний ирээдүйн амжилт, карьерын аялал Хятадын зах зээлд дөнгөж эхэлж байна гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com