СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-08-12

14 бөх мэдэгдэл хийж, хоёр тунаж үлдэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Тэгвэл энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариу албан ёсоор иржээ. Бөхчүүдэд баяр наадмын комиссоос шинжилгээнийх нь хариуг утсаар мэдэгдэж дууссан. Үүнтэй холбогдуулж шөвгийн 16-д шалгарсан бөхчүүд фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийв. Харин шинэ аварга Э.Оюунболд, шинэ начин Ж.Ням-Эрдэнэ нар мэдэгдэл хийлгүй хоцорлоо. Тиймээс бөхийн хорхойтнууд, сонирхогчид дээрх хоёр бөхөөс илэрсэн нь тодорхой боллоо хэмээн цахим орчинд шуугиж байна. байгаа юм. Хэрвээ хоёр бөхөөс допинг илэрсэн нь тодорхой болбол 14 хоногийн хугацаанд багтааж “В” сорьцыг дахин лаборатори руу явуулж шинжлүүлдэг журамтай. Улмаар “В” сорьцын хариугаас шалтгаалж допинг илэрсэн, үгүйг олон нийтэд зарладаг дүрэмтэй. Тиймээс нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн ч зарлах цаг нь болоогүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, допинг илэрсэн гэгдэж буй нэр бүхий бөхчүүд “А” сорьцоо хүлээн зөвшөөрвөл хариуг нь олон нийтэд зарлана. Хэрвээ “В” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргавал хариуг дахин 14 хоног хүлээх шаардлагатай болно. Бөхчүүд шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол Баяр наадмын комиссын Бөхийн салбар хороонд хүсэлтээ гаргадаг. Энэ талаар МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын заан Ц.Магалжав “Баяр наадмын комисс манай хороонд бөхчүүдээс допинг илэрсэн тухай хандах ёстой. Одоогоор ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй байна. Допингийн хариу зөрчилтэй ирсэн бөхчүүд ч манай холбоо руу хандах учиртай. “В” сорьцын шинжилгээ явуулах албан хүсэлт ч ирээгүй.

Улсын аварга Н.Батсуурь: Бөхчүүдээ ард түмнийхээ эргэлзээг тайлаарай

-Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Над руу баяр наадмын комиссоос наймдугаар сарын 9-нд утасдаад миний шинжилгээнд хориотой эмийн бодис илрээгүй гэдгийг хэлсэн. Дараа дараагийнхаа бөхчүүдэд мэдэгдлээ хийгээд ард түмнийхээ эргэлзээг тайлахыг хүсч байна.

Улсын аварга Ч.Санжаадамба: Би допингтой тэмцэж байгаа хүн шүү дээ

-Над руу өнөөдөр өглөө /өчигдөр/ наадмын комиссоос ярьсан. Миний шинжилгээний хариу ирсэн. Шинжилгээгээр хориотой зүйл илрээгүй. Би өөрөө допингтой тэмцэж байгаа хүн шүү дээ.

Улсын аварга С.Мөнхбат: Надаас допингтой холбоотой бодис илрээгүй

-Сайн байцгаана уу, сайхан намаржиж байна уу. Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу иржээ. Миний биед ямар нэгэн допингтой холбоотой бодис илрээгүй нь тогтоогдсон.

Улсын арслан П.Бүрэнтөгс: Хариуг ил тод зарлахыг хүсч байна

-Жил бүрийн баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Энэ жилийн шинжилгээний хариу маань иржээ. Над руу наймдугаар сарын 9-нд Баяр наадмын комиссоос ярихдаа “Таниас ямар нэгэн хориотой бодис илрээгүй” гэж мэдэгдсэн. Тиймээс Баяр наадмын комиссоос допингийн шинжилгээний хариуг олон нийтэд ил тод зарлахыг хүсье.

Улсын арслан Ц.Содномдорж: Шинжилгээний хариуг яаралтай зарлаасай

-Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төрөлх сургуулийнхаа 80 жилийн баяр наадамд ирж барилдсан. Баяр наадам маань сайхан болж өндөрлөлөө. Миний бие допингийн асуудалтай холбоотой нэгэн мэдэгдэл хийж байна. 2019 оны наймдугаар сарын 9-нд Баяр наадмын зохион байгуулах хорооноос над руу утсаар ярьж “Таны шинжилгээний хариу ирсэн. Ямар нэгэн хориотой бодис илэрсэнгүй” гэж хэллээ. Хэвлэл мэдээллээс харж байхад наадмын комиссоос “Ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй” гэж мэдэгджээ. Гэтэл над руу залгахдаа бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн гэж хэлсэн. Хоёр бөх сэргээшийн асуудалтай байгаа бололтой. Үүнийг яаралтай зарлаасай гэж наадмын комисс болон Шадар сайдаас хүсч байна.

Улсын гарьд Б.Гончигдамба: Надаас допинг илрээгүй

-Би шинжилгээнийнхээ хариуг дөнгөж сая авлаа, надаас ямар нэгэн допинг илрээгүй байна. Ер нь санаа зоволтгүй би тийм бодис хэрэглэдэггүй. Хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл байна, баяр наадмыг зохион байгуулах хорооноос ажлын өдрүүдэд тэдгээр бөхчүүдийнхээ нэрсийг зарлах байх. Миний утас лайв хийж болохгүй, би Төв аймгийн Баянцагаан суманд барилдаж явна мэдэгдэл хийх боломж алга. Ямар ч байсан санаа зоволтгүй би допинг хэрэглэдэггүй. Хот ороод лайв хийж сэргээшийн шинжилгээний хариуг мэдэгдэж болно.

Улсын харцага Б.Бат-Өлзий: Миний шинжилгээнээс хориотой бодис илрээгүй

-Сайн байцгаана уу. Баяр наадмын комиссоос миний шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүйг албан ёсоор мэдэгдлээ.

Улсын харцага Д.Анар: Надаас допингийн бодис илрээгүй

-Би Монгол Улсын харцага Д.Анар байна. Миний допингийн шинжилгээний хариу гарсан. Надаас допинг илрээгүй гэж мэдэгдсэн.

Улсын начин Э.Энхбат: Надаас илрээгүй

-Наадмаас хойш хөдөөгүүр явж байгаад өнөөдөр /өчигдөр/ утсаа асаатал Баяр наадмын комиссоос допингийн шинжилгээний хариуг мэдэгдэх гэж залгажээ. Надаас илрээгүй болохыг мэдэгдлээ.

Улсын начин Б.Орхонбаяр: Надаас илрээгүй болохыг мэдэгдсэн

-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын начин Баярсайханы Орхонбаяр байна. Дөнгөж сая /өчигдөр/ над руу наадмын комиссоос утасдаж миний биеэс ямар нэгэн допингийн бодис илрээгүйг мэдэгдлээ. Дашрамд сонирхуулахад, би өнөөдөр / өчигдөр/ төрөлх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумандаа цолныхоо мялаалга, бэсрэг наадмаа хийж байна.

Улсын начин А.Давааням: Миний биеэс ямар нэгэн хориотой бэлдмэл илрээгүй болохыг хэлсэн

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Наймдугаар сарын 9-нд Баяр наадмыг зохион байгуулах хорооноос миний биеэс хориотой ямар нэгэн эмийн бэлдмэл илрээгүй болохыг албан ёсоор мэдэгдсэнийг Монголын бөх сонирхогчдодоо уламжилж байна.

Улсын начин Б.Цэдэнсодном: Шинжилгээний хариуг ил тод зарлаасай

-Сайн байцгаана уу. Жил бүрийн наадмаар тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг. Тэр хариу нь иржээ. Наймдугаар сарын 9-нд над руу залгахдаа “Таниас ямар нэгэн хориотой бодис илрээгүй” гэж хэлсэн. Тиймээс баяр наадмын комисст хандаж, шинжилгээний хариуг ил тод зарлахыг хүсмээр байна.

Улсын начин Н.Баярбаатар: Надаас допингийн бодис илрээгүйг албан ёсоор мэдэгдсэн

-Сайн байцгаана уу. Би Монгол Улсын начин Насанцогтын Баярбаатар байна. Баяр наадмыг зохион байгуулах комиссоос төрийн наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авдаг уламжлалтай. Шинжилгээ өгсөн бөхчүүдээс миний биеэс ямар нэгэн бодис илрээгүй болохыг албан ёсоор мэдэгдсэн. Та бүхэндээ баярлалаа.

Улсын начин Д.Цэрэнтогтох: Надаас ч допингийн төрлийн бэлдмэл илрээгүй

-Сайн байцгаана уу. Надаас ч гэсэн ямар нэгэн допингийн төрөлтэй холбогдох эм бэлдмэл илрээгүй ээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.