Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдрөөс үргэлжлүүлнэ. Ингэхдээ Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналтай уялдуулан нэгтгэсэн хэлбэрээр хэлэлцэх юм. Уг нь УИХын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Үндэсний их баяр наадмын дараа явуулахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн сарын 16-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээр хэлэлцүүлэг хойшилсон юм. Харин энэ хугацаанд УИХ-аас тогтоол гаргаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг УИХ-ын гишүүдийн өргөн барьж, хэлэлцүүлж буй төсөлтэй уялдуулах, зөвшилцөх ажлын хэсэг байгуулан ажиллуулсан юм. Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АНын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Болд нар ажиллаж байгаа юм. Тэгвэл уг ажлын хэсгийнхэн хуулийн төслүүдийг уялдуулан нэгтгэж, цөөн асуудлаас бусдад нь тодорхой шийдэлд хүрчээ. Энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн долоо хоногт болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурлын үеэр хэлсэн юм.
Ингэхдээ тэрбээр “Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, УИХын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болох юм гэж үзсэн. Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа. Бусад асуудлын тухайд үндсэндээ санал нэгдсэн гэж хэлж болно” гэж байв. Тухайлбал, “давхар дээл” буюу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх зохицуулалтыг хориглох Ерөнхийлөгчийн саналыг ажлын хэсгийнхэн дэмжжээ. Уг зохицуулалтын тухайд УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж тусгасан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно” гэж тусгасан байсан юм. Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчийн уг саналыг дэмжиж, “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүн УИХ-ын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн найруулжээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч батламжлахтай холбоотой хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн ажлын хэсэг хүлээн авахаар тогтсон байна.
Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасныг хассан байна. Улмаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөлд Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн ажлын хэсгийн саналын дагуу хасчээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Төв банктай холбоотой гурван заалтаа татаж авсан байна. Тэгвэл зөвшилцлийн ажлын хэсгийн нэгтгэсэн төслийг УИХ-ын намын бүлэг, зөвлөл хэлэлцэж байр сууриа нэгтгэх бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурлаар саналын томьёоллыг эцэслэх юм. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх билээ.
Б.ЦЭНД-АЮУШ