ОХУ-ын нийслэл Москва болон Санкт-Петербург хотноо шударга сонгууль явуулахыг шаардаж, 50 мянга орчим хүн өнгөрсөн бямба гарагт дахин жагсчээ. Энэ удаа жагсагчид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр жагссан боловч цагдаа нартай мөргөлдсөний улмаас Москва хотод 221, Санкт-Петербург хотноо 80 гаруй хүн баривчлагдсан байна. Түүнчлэн жагсаал болохоос хэдхэн цагийн өмнө цагдаа нар сөрөг хүчний идэвхтэн Любовь Соболыг олон нийтийг жагсаалд турхирсан гэх шалтгаанаар албан өрөөнөөс нь баривчилжээ. Төрийн бус байгууллагуудаас жагсаалд 49900 хүн оролцсон гэж мэдээлсэн боловч цагдаагийн газраас 20 мянган хүн гэж мэдээлээд буй. ОХУ-ын сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшсэн хэд хэдэн хүнийг хангалттай тооны гарын үсэг цуглуулаагүй гэх шалтгаанаар сонгуульд оролцохыг нь хориглосон юм. Үүнээс үүдэн сүүлийн хэдэн долоо хоног дараалан амралтын өдрүүдээр шударга сонгууль явуулахыг шаардсан жагсаал болж байна. Өмнөх хоёр удаагийн жагсаалын үеэр цагдаа болон үндэсний аюулаас хамгаалахын ажилтнууд нийт 2000 орчим хүнийг баривчлан хорьсон юм. Тэднийг зөвшөөрөлгүй жагсаал хийж, олон нийтийг үймээнд турхирсан хэргээр яллажээ. Баривчлагдсан хүмүүсийн ар гэрийнхний мэдээлснээр олонх нь 30 хоног шоронд хорих ял сонсчээ. ОХУ-д ирэх есдүгээр сард орон нутгийн удирдлагыг сонгох сонгууль болох билээ.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/europe/2019/08/ tens-thousands-rally-election-protest-moscow-190810143831955. html