Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Синграули хотын дэгүүр өтгөн манан хуржээ. Синграули хот нь Энэтхэг Улсын нүүрсний нийслэл хэмээгддэг. Тус хотод нүүрсээр ажилладаг найман цахилгаан станц байдаг бөгөөд 16 сая барилга байгууламжийг цахилгаанаар хангадаг. Ерөнхийдөө Энэтхэг Улс нь бүх цахилгаан эрчим хүчнийхээ 75 орчим хувийг нүүрсний цахилгаан станцаас гаргаж авдаг. Хэдийгээр нүүрсээр ажилладаг цахилгаан станц нь эрчим хүч болон дулаан үйлдвэрлэдэг ч агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдаг. 2018 онд гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын долоо нь Энэтхэгийн хотууд байгаа юм. Синграулигийн хувьд энэ жагсаалын 22 дугаарт жагсдаг. Зөвхөн 2017 онд л гэхэд агаарын бохирдлын улмаас Энэтхэгт 1.2 сая хүн нас барсан гэсэн судалгаа гарсан байдаг. Синграули хотын дээгүүр татсан өтгөн мананг багасгахын тулд нүүрс олборлогч компанид нүүрс тээвэрлэдэг машинуудыг бүхээгтэй болгох, нүүрс олборлодог талбайнуудад ус цацах гэх мэтчилэн арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж. Түүнчлэн Энэтхэг Улс нь хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг. Үүнээс үүдэж зарим мужид зуны улиралд хэт халах тохиолдол жилээс жилд өссөөр байгаа юм. Энэтхэгийн эдийн засаг, хүн ам жил ирэх тусам хурдацтай өсч үүнийг дагаад эрчим
хүчний хэрэглээ өсөхөөр байгаа нь тус улсын Засгийн газар ирэх 10 жилд нүүрсний хараат байдлаа арилгаж, эрчим хүчний хэрэглээгээ өөр эх сурвалжаар нөхөх сорилттой тулгархад хүргэж байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайд Нарендра Модигоор удирдуулсан Засгийн газар нүүрсний хэрэглээг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амбийцтай төлөвлөгөө танилцуулаад байгаа. Тухайлбал, тус улсын Засгийн газар 2022 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний чадлаа нэмэгдүүлж,175 гигаваттын хүчин чадалтай болгохыг зорьж байгаа бөгөөд нарны эрчим хүчээс 100 ГВт, салхинаас 60 ГВт, био түлшээс 10 ГВт, усан цахилгаан станцаас таван ГВт гаргах авах зорилт дэвшүүлээд байна. Энэтхэг Улсын хувьд сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа. Өнгөрсөн оны хувьд Энэтхэгийн эрчим хүчний салбарт эргэлт гарсан жил байсан гэж хэлж болно. Учир нь тус улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын өргөтгөл анх удаагаа уламжлалт эрчим хүчнийхийг давжээ. Энэ жил ч энэ байдал үргэлжлэхээр байгаа юм. Энэтхэгийн зах зээлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх орон зай эрчимтэй тэлж буйн шалтгааныг шинжээчид энэ төрлийн цахилгааны эх үүсвэрийн үнэ тариф буурч буйн зэрэгцээ үр ашиг нь дээшилж байгаатай холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: https://edition.cnn. com/2019/07/11/business/india-energy-coal/ index.html