Иргэдийн аялал зугаалга үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 11 хүн нас барснаас хоёр нь бага насны хүүхэд байжээ. Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн , анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж осол гарсаар байгаа аж.
Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарчээ. Жолооч нар цагдаагийн хяналт байхгүй замуудад замын хөдөлгөөний дүрэм заалтыг мөрддөггүй. Жишээлбэл, хурдаа хэтрүүлж, хамгаалах бүсээ зүүхгүй, шөнийн цагт холын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох нь элбэг байгаа аж. Иймд Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд зорчиж буй жолооч, зорчигч нарыг эмчийн үзлэгт хамруулж жолоочийн нойрыг сэргээж гарыг амраангаа сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Түүнчлэн орон нутгийн замд 120 километр цагаас илүү хурд хэтрүүлбэл 50 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь зургаан сараар хасч байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.