Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн баасан гаригт “Үндэсний их баяр наадмаар авсан допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн болно.
Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо зарлана” гэсэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг эрхгүй татсан.
Гэвч Баяр наадмыг зохион байгуулах хорооноос “Бидэнд допингийн шинжилгээний хариу хараахан ирээгүй байна” гэсэн эсрэг мэдээлэл хийсэн нь Үндэсний баяр наадамд зодоглосон бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг нуух гэсэн башир үйлдэл хэмээн олон нийтэд харагдах болсон юм.
Олон нийтийн дунд шүүмжлэл, хардлага ихэссэнтэй холбоотойгоор Үндэсний их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан бөхчүүд сандралдаж надаас сэргээшийн төрлийн бодис илрээгүй хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийгээд байна. Одоогийн байдлаар шөвгөрсөн 16 бөхийн зургаа нь буюу Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь, Улсын аварга С.Мөнхбат, Улсын начин Б.Цэдэнсодном, А.Давааням нар нэр цэвэр гэдгээ мэдэгдээд байна.
Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын арслан Ц.Содномдорж “Над руу энэ сарын 09-ний өдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос ярьж миний шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн. Хэвлэл мэдээллийг үзэж байхад наадам зохион байгуулах хорооноос ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй гэсэн хариуг өгсөн тухай мэдээлсэн байна. Харин ҮИБНЗБХ-оос над руу ярихдаа бүх бөхийн шинжилгээний хариу ирсэн гэдгийг хэлсэн. Хоёр бөхөөс ямар нэгэн асуудал гарсан зүйл байгаа юм шиг байна. Тэр хүмүүсийг бушуухан зарлаач ээ гэдгийг наадам зохион байгуулах комисс болон Шадар сайдаас хүсэж байна” гэв.