АНУ-ын Теннеси мужийн Ноксвил хотын “Food city” гэх дэлгүүрийн гаднах зогсоол дээр байсан машинд бага насны хүүхэд нас барсан байсныг цагдаа нар олжээ. Цагдаа нарын өгсөн дуудлагын дагуу түргэн тусламжийнхан ирсэн боловч амь насыг нь аврах боломжгүй, хүүхэд нас бараад удсан байжээ.
Цагдаагийнхан нас барсан хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдыг тогтоох, хүүхдээ яагаад машиндаа үлдээсэн, хэзээ орхиж явсныг тогтоохоор ажиллаж байна хэмээн тус хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эрланд мэдэгджээ.
АНУ-д наймдугаар сар гарснаас хойших эхний зургаан өдөрт л гэхэд таван хүүхэд халуун машинд бүтэж нас барсан хэрэг бүртгэгдээд байгаа бөгөөд энэ он гарсаар 29 хүүхэд ийм байдлаар нас баржээ. Ноксвил хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эрланд “Хүүхдээ болон тэжээвэр амьтнаа машиндаа орхих үед машин маш богино хугацаанд асар өндөр халж тэднийг тарчлаадаг. Иймд машинаасаа буухын өмнө арынхаа суудлыг заавал шалгаж байгаарай” гэх сэрэмжлүүлэг гаргасан байна.