Х.ӨЛЗИЙБАЯР
Майяачуудыг судлаачид өнөө хүртэл дайн тулаанд оролцохдоо харьцангуй аядуу, төлбөр төлөөс авахын тулд хүмүүсийг олзолдог байсан, индиануудын соёл иргэншил устах IX–X зууны үед л арай илүү түрэмгий болж, ширүүн дайн өдөөдөг байсан гэж үзэж байсан юм.
Гэтэл археологичид майяачууд хэрцгий дайн тулаанд оролцож хот тосгодыг устган, энгийн номхон хүмүүсийг хайр найргүй устгаж байсан баримтуудыг олсон гэж Nature Human Behavior хэвлэлд бичжээ.
Сонгодог үеэс хадгалагдаж үлдсэн чулуун хавтан дээрх бичээсүүдэд хотуудыг устгасан, хүмүүсийг хядсан тухай бичсэн байдаг байна. Үүний нэг нь 697 оны тавдугаар сарын 21-нд өнөөгийн Гватемалын умард нутагт байсан Витце хотод болсон тулаан. Судлаачид энэ хотоос хоёр км-ийн зайд байдаг нуурнаас эрт үеийн модны нүүрсний үлдэгдэл олсон байна. Үүнээс үзэхэд энэ орчимд хамгийн багаар бодоход дөрвөн удаа түймэр дэгдэж байжээ. Хот 650-800 оны хооронд шатсаныг үзэхэд майяачуудын бичиж үлдээсэн тэр тулалдааны ул мөр бололтой. Тэгэхээр энэ тулалдааны үеэр мянга мянган энгийн номхон хүн амь алдсан нь ойлгомжтой. Энэ шинэ баталгаанууд тэр үеийн дайн тулаан бидний өмнө бодож байснаас илүү харгис хэрцгий болдог байсныг харуулж байна.