Түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ гаргасан иргэдийг хэрхэн эрэмбэлж байгаа талаар Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлэл хийлээ.
НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:
Түрээсийн орон сууцанд орох иргэдийн бүртгэл амжилттай явж дууссаныг та бүхэн мэдэж байгаа. Түрээслээд өмчлөх гэдэг хэлбэрийг анх удаа хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор 30 мянган иргэн орон сууцаа түрээслээд өмчлөх хүсэлтээ ирүүлсэн. Өчигдрөөс эхлэн түрээсийн орон сууцанд орох хүсэлт гаргасан иргэдийг эрэмбэлэх ажил хийгдээд эхэллээ. Энэ ажил маань хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй учраас та бүхэн чөлөөтэй сурвалжлах боломжтой. Харин бичлэг хийлгэхгүй байгаа. Яагаад гэхээр хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл байгаа учраас шууд дамжуулах боломжгүйг ойлгоорой. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг сонгон шалгаруулах процесс шударга бус явагддаг гэдэг мэдээллийг гаргахгүйн тулд, туйлын шударгаар явагдаж байгаа гэдгийг та бүхэндээ харуулах зорилгоор ил тод явуулж байгаа. Нэг жишээ үзүүлье. Түрээсийн орон сууцны залуу гэр бүл гэдэг ангилалд 58 квот байгаа. Энэ квотод хүсэлтээ гаргасан 4500 иргэний 1356 нь анхан шатны шалгуурыг хангаагүй гэдэг үндэслэлээр хасагдсан. Яаж хасагдсан бэ гэхээр Улаанбаатар хотод хаягтай байх, өөрийн нэр дээр орон сууцгүй байх, түрээсийн орон сууцанд өмнө нь хамрагдаж байгаагүй байх гэх мэт үндсэн шалгуурыг хангаагүйн улмаас хасагдсан байна. Залуу гэр бүл ангиллын квотод багтах иргэдийг сонгон шалгаруулахдаа нийгмийн даатгал төлсөн хугацаа, агаарын чанарын аль бүсчлэлд хамаарагдаж байгаа эсэх, хүүхдийн тоо гэх мэт үзүүлэлтийг харж байгаад эрэмбэлэх ёстой. Энэ гурван үзүүлэлтээр ангилж жагсаахад хамгийн дээр буюу нэгдүгээрт 418 гэсэн бүртгэлийн дугаартай иргэн бүртгэгдсэн байна. Энэ хүн маань 16 жил нийгмийн даатгал төлсөн, гурван хүүхэдтэй, агаарын чанарын нэгдүгээр бүсчлэлд багтсан, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд хаягтай иргэн байх жишээтэй. Яг ийм байдлаар нэгдүгээрт эрэмбэлэгдсэн эхний 58 хүмүүстэй холбогдож цахим бүртгэлд мэдүүлсэн баримтаа эх хувиар нь авчир гэж хэлсэн. Хэрвээ хуурамч материал бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн байвал хар жагсаалтад оруулж хасаад дараагийн хүнийг нөхөн оруулах байдлаар квот олгоно. Залуу гэр бүл ангиллын 58 квотод хамгийн доод тал нь 12 жил нийгмийн даатгал төлсөн иргэн хамрагдсан байгаа гэдгийг хэлье. Гурав юм уу таван жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүн энэ ангилалд багтах ямар ч боломжгүй байна. Мөн шалгарч байрандаа орсон иргэдийг шилэн байдлаар нэрээр нь сайтдаа оруулах болно.