УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх хурал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Сүүлийн үед намайг 2008 оны долдугаар сарын 01-ний өдөртэй холбоотой асуудлаар эрэн сурвалжилж байгаа гэдгийг би сониноос уншлаа. Хулхи генерал маань намайг эрэн сурвалжилж байгаа юм байна. Намайг эрэн сурвалжлах шаардлагагүй. Би Төрийн ордонд ажлаа хийж байгаа гэдгийг хулхи генерал болон уран зураг сонирхдог Ерөнхийлөгч асан нарт хэлээрэй. Намайг оффшортой тэмцэх хууль санаачилж байгаа гэдгийг мэдэнгүүтээ тэд уурлаж байгаа юм билээ. Хэвлэл мэдээллээр намайг элдвээр сайн доромжил. Би харин Эрдэнэтийн 49 хувь болон Монголын баялгийг ард түмэндээ эргүүлэн авчирч өгнө. Доромжлох тусам чинь би долоон бурхан шиг гялалзах болно.
МАНАН бүлэглэлийн гар хөл болсон Улсын Дээд шүүхийнхэн бидний байгуулсан Шударга иргэдийн намыг бүртгэхгүй байна. Иймд бүртгэхийг шаардсан албан бичгийг бид өчигдөр УДШ-ийн Ерөнхий шүүгчид хүргүүлсэн.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэргийг илрүүлэхийн тулд иргэдийг хилсээр ялд унагахын тулд эрүү шүүлт тулгасан болохыг Түр хороо, Олон Улсын парламентын холбооноос тогтоосон.
Эрүү шүүлт тулгасан прокурор, хууль хяналтын байгууллагынхантай хариуцлага тооцуулна гэдгээ бид мэдэгдэж байна. Хилс хэргээр эрүү шүүлт тулгагдан хэрэг хүлээж, ял эдэлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах ёстой гэдэг байр суурин дээр Түр хороо бат зогсож байгаа. Хулхи генерал маань хуурамч сэтгэгдэл, гүтгэлгийн мэдээллээр Монголын ард түмний тархийг угааж чадахгүй. Ирэх сараас эхлэн сар бүр МАНАН бүлэглэлийн үйлдсэн гэмт хэрэг шүүх байгууллагад очно. МАНАН бүлэглэлийн үйлдсэн 23 гэмт хэргийн 10 гаруй нь шүүхэд очсон. Монголын шүүх шударгаар ажиллаж байна уу, эсвэл хулхи генерал, Ц.Элбэгдоржийн талд ажиллаж байна уу гэдгийг харах цаг ирлээ. МАНАН бүлэглэлийн үйлдсэн гэмт хэргийн шүүх хуралдааныг шууд дамжуулан хүргэхийг бид шаардсан шаардлага холбогдох бүх байгууллагад хүргүүлээд байна. МАНАН бүлэглэл эцсийн амьсгалаа хураахын өмнө эх орончдыг гутаах ажлаа хийж, эрээ цээргүй ажиллаж байна. Хар тамхины наймаа, оффшорчдыг устгахын төлөө бид ард түмэнтэйгээ хамт эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ би үүгээр илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд
Монголын баялагийг эзэмшихийн төлөө МАНАН мафи хэрхэн тэмцэж байгааг би Монголын говийн аймгуудаар ажиллах үеэрээ харлаа. Монголын 33 говь сөнөж байгааг бид хараад шаардлагаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байгаа. Тост, Тосон бумбын булаг шандыг ширгээсэн, байгаль орчныг сүйдэлсэн асуудлаарх хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордонд болж байна. Лиценз тойрсон, уул уурхайн асуудлыг тойрсон МАНАН мафийг энэ хэлэлцүүлгээс харж болохоор байна. Монголын баялгийг МАНАН мафиас буцаан авах тэмцэлд Монголын ард түмэн заавал ялах ёстой.