СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-09

ШУУД: "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж буй "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УУХҮ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагууд, 40 орчим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэд зэрэг 120 гаруй хүн оролцож байна. Хэлэлцүүлгийг нээж, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр үг хэллээ.

Х.МАНДАХБАЯР: АСУУДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ, ОЛОН НИЙТИЙН АНХААРЛЫН ДУНД ШИЙДВЭРЛҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО

-Өнөөдрийн хэлэлцүүлэг хоёр үндсэн зорилго, зорилттой. Тост, Тосон бумба хэмээх байгалийн үзэсгэлэнт газрыг улсын тусгай хамгаалалтад авсан, буцаагдсан гэх мэт олон асуудал байдаг. Өнөөдрийн бидний хэлэлцэх асуудлын хүрээнд энэ бүс нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” компанийн талаар нийгэмд янз бүрийн мэдээлэл төрсөн. Үүнээс болж талцал үүсч, ил тод биш, нэг талыг барьсан мэдээлэл гарч байгаа. Тиймээс бүх мэдээллийг нээлттэй болгоё. Төрийн өндөр дээд түвшний бүх шатны төрийн байгууллага, энд оролцоотой, хамаатай төрийн бүх шатны албан хаагчид иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэдэд, цаашилбал Монгол Улсын нийт иргэдэд энэ мэдээллийг нээлттэй болгож, хуулийн дагуу асуудлыг олон нийтийн анхаарлын дунд шийдвэрлүүлэхийг зорьж байна. 

Хоёрдугаарт, Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл нь нэг уурхай, нэг сэтгүүлч, нэг иргэний нийгмийн байгууллагын хоорондын мэтгэлцээн болоод байгаа асуудал биш. Монгол Улсад хуулийн засаглал үйлчлэх эсэх, уул уурхай хариуцлагатай байх эсэх, энэ жишгийг тогтоох шийдвэр гаргахыг Монгол Улсын төрөөс шаардах, тодорхой албан тушаалтан байгууллагуудад хүсэлт хүргүүлэх асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй ярьж, шийдвэрээ нэгтгэх нь хэлэлцүүлгийн гол зорилго. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг нэгтгэж хүргэх, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх, тодорхой байгууллагуудад хүсэлт хүргүүлэх энэ шийдвэрт нэгдэх нь чухал. Энэ хэлэлцүүлэг аль нэг талыг барьсан хэлэлцүүлэг биш.

“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг хоёр үе шаттай явагдаж байгаа. Анхан шатны хэлэлцүүлэг Өмнөговь аймагт долдугаар сарын 29-нд болж, 350 хүн оролцсон. Өнөөдрийн хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УУХҮ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагууд, 40 орчим иргэний нийгмийн байгууллагын 120 гаруй хүн оролцож байна. Орон нутгаас 60 гаруй хүн ирснээс 40 нь Гурван тэс сумаас ирсэн. Тэд 1000 гаруй км зам туулж, өнөөдрийн хэлэлцүүлэг оролцож байгаа юм шүү. Хэлэлцүүлэгт амжилт хүсье. 

Үүн дараа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар үг хэлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: ЗАСГИЙН ГАЗАР НЬ УИХ-ЫН ТОГТООЛЫН ЭСРЭГ ТОГТООЛ ГАРГАДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ!

-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд УИХ-ын таван гишүүн нэгдэж, “Баялагтай эзэн” бүлэг байгуулж ажиллалаа. Бид баялагтаа эзэн байх зорилгоор хэд хэдэн тэмцэл зохион байгуулсан. Баялагтаа эзэн байх бол бидний гол зорилго. Энэ бүх түүхийг өнөөдөр бүтэн өдрийн зөвлөгөөнөөр эхнээс нь ярих гэж байна. МАНАН-гийн түүх, бузар булхай гэмт хэргийг өнөөдөр нэг бүрчлэн он цагийн дарааллаар нь ярих хэрэгтэй. Энэ хэлэлцүүлэг энэ асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдөр байгаль орчны баялгийг сүйтгэж байгаа гэмт хэрэг, лиценз бүрийн цаана юу нуугдаж байдгийг ярих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл бидний тэмцэл ялагдсаар ирсэн ч багагүй амжилтад хүрсэн. Эрдэнэт, Асгат, Багануурыг буцааж авсан. Цаашдаа Оюу толгойг бид анхаарах хэрэгтэй байна. Хамгаалан тэмцэж буй байгалиа энэ тулаанд алдах юм бол Монголыг авч үлдэх нь бэрх болж ирнэ. УИХ тогтоол гаргачихаад байхад Засгийн газар нь хууль бус тогтоол гаргадаг нь ямар учиртай юм бэ. Одоо бидэнд арагшаа ухрах нэг ч алхам байхгүй. УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах хэрэгтэй. Үүний эсрэг УИХ-ын таван гишүүн хөдлөхөд бэлэн байна. Иргэдээ дэмжихэд бэлэн. Эх орныхоо төлөө тэмцэхэд бэлэн. Одоо харин Монголын ард түмэн сэрэх хэрэгтэй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНД ЛИЦЕНЗ ОЛГОСОН НЬ МАНАН-ГИЙН ОЛОН ГЭМТ ХЭРГИЙН НЭГ

-Эрх мэдэлтнүүд, МАНАН бүлэглэл Тост, Тосон бумбын нуруунаас шуналын савраа татах ёстой. Энэ бол МАНАН бүлэглэлийн үйлдсэн олон гэмт хэргийн ердөө нэг нь. Удахгүй ээ. Тун удахгүй МАНАН бүлэглэл шударга ёсны өмнө сөхрөн унах болно. Эх орончдын эсрэг олон гүтгэлгийг МАНАН бүлэглэл хийдэг. Гэхдээ гүтгүүлсэн ч бай, яаж ч дайруулсан бай хамаагүй бүгдээрээ шударга ёсыг хамгаалж, Тост, Тосон бумбын нуруугаа хамгаалж үлдэх хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс Л.Болд бид хоёр л ирлээ. Угаасаа бид ард түмнийхээ талд байсан. Бид хамтдаа энэ тэмцлийг үргэлжлүүлж, шударгаар шийдүүлэх ёстой. Бид та бүхэнтэй хамт байх болно.


Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлэгт 40 гаруй иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн төлөөлөл үргэлжилж байна. Нийт гурван хэсгээс бүрдэх “Тост, Тосон бумба” Үндэсний хэлэлцүүлэг 19:00 цаг хүртэл Төрийн ордонд үргэлжилнэ. Түүнчлэн шударга ёсны төлөө олон зуун иргэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна.

 

 

 

 

 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.