СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-08-09

Б.Дэлгэрмаа: Иргэд тарваган тахал гарч болзошгүй эрсдэлтэй газраар явах хэрэггүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ЗӨСҮТ-ийн Эрсдэлийн удирдлага, бэлэн байдал, тандалт судалгааны тасгийн эрхлэгч Б. Дэлгэрмаагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед зоонозын халдварын хүний сэжигтэй байж болзошгүй тохиолдол хэр бүртгэгдэж байгаа вэ?

-Улсын хэмжээнд энэ сарын 2-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 861 яаралтай дуудлагыг хүлээн авсан. Эдгээрийн 104 галзуугийн эрсдэлд өртсөн, 737 хачигт халдвар, таван боом, долоо нь тарваган тахал, хоёр нь хумхаа, нэг ям, хоёр денги, гурав бэтэг өвчний сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нэг бүрчлэн арчдас авч шинжилгээгээр эцсийн дүн мэдээ гарна. Сүүлд Дорнод аймгаас ирсэн боомын дуудлагын шинжилгээний хариу гарсан боом өвчин гэдэг нь тогтоогдоогүй.

-Хачигт халварын тохиолдолын дуудлага хамгийн их бүртгэгдсэн байна. энэ тухай?

-Жилийн жилд хачигт халварын тохиолдлууд бүртгэгдэх нь элбэг байдаг. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хачигт халдварын тохиолдол харьцангуй бага байлаа. Одоо хачигт халдвар тархах цаг дуусч байна. Сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд хачгаар хүнд дамжих халдварыг эрчимтэй бүртгэж эхэлсэн . Манай оронд ойролцоогоор 10 гаруй хачгаар дамжих өвчлөл бүртгэгдээд байгаа бөгөөд мэргэжилтнүүд эдгээр халдвар өвчлөлийг тандаж, хянаж байна. Зооноз өвчин судлалын үндэсний төвд бүртгэгдэж байгаа халдварт өвчний 80 гаруй хувийг хачгийн халдвар эзэлдэг.

-Нийслэлд халдварт өвчний тархалт ямар байгаа вэ. Тандалт судалгааны дүн гарсан уу?

-Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Нийслэлийн ХанУул, Сонгинохайрхан, Налайх, Баянзүрх дүүрэгт боом өвчний лабораторид суурилсан тандалт судалгаа хийсэн. Тус тандалт судалгааг долдугаар сарын 22- 26-ны өдрүүдэд гүйцэтгэж, боом өвчний хяналтын шинжилгээнд арчдас, хүнсний бүтээгдэхүүн, ус, хөрс бууц, үс, ноос нийт 249 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулсан. Мөн боом өвчний эрсдэл, мэдлэг, хандлагыг тогтоохоор 100 хүнээс асуумж судалгаа авч үнэлгээ хийн ажиллаж байна.

-Орон нутгуудын хувьд тарваган тахал, боом өвчний талаар урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгаа вэ?

-Хамгийн сүүлийн байдлаар Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн боомт Алтай ложистик гаалийн хяналтын тасгийн кейпийн ажилчдаас өгсөн мэдээллийн дагуу мэрэгчийн дуудлагад үйлчиллээ. Тус дуудлагын дагуу үйлчилж, материал дээжилж, халдваргүйтгэл хийж гүйцэтгэлээ. Тус байгууллагын ажилчдыг тарваган тахлын дархлаажуулалтад хамруулсан. Шинжилгээгээр зурам, монгол тарвага, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тандалт судалгаагаар холбогдох сорьц материалыг мэрэгчдээс цуглуулан шинжилгээнд хамруулахад тарваган тахлын үүсгэгч илрээгүй.

-Иргэд зоонозын халдвараас хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Хөдөө явах, томилолт, аялал зугаалгаар явахдаа тарваганы мах идэхгүй тарваган тахал гарч болзошгүй эрсдэлтэй газраар явахгүй байх хэрэгтэй. Мөн хачигт халдварын тухайд иргэд жимс түүх, түлээ бэлдэх, эсвэл ан гөрөө хийх гэж ой модоор явж байхдаа тод өнгийн хувцас өмнөх, хоёр цаг тутамд хувцасаа биеэ шалгах гэх урьдчилан сэргийлж болно. Харин халуурах, толгой янгинж өвдөх гэх мэт шинж тэмдэг ажиглагдаад халдвар авч болзошгүй газраар явсан бол яаралтай 70282853 утсанд дуудлага өгөх хэрэгтэй.

С.Бэрцэцэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.