АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр Монгол Улсад айлчилж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзжээ. Тэрбээр Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцсон байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын зүгээс ноён Др.Марк Т.Эспэрийг хүндэтгэж адуу бэлэглэхэд “Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна. Энэ морийг АНУ-ын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа Монгол адуу унаж байсан түүхтэй” гээд “Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн байна.