“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ. Хотын дарга нарын хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ. Нээлтийн үгэндээ “Азийн бүсийн орнуудын засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын дарга нарын уулзалтыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бүсийн Хөгжлийн Төвтэй хамтран Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулж байгаад баяртай” байгаагаа дурдаад
-Улаанбаатар хотод Тусгай замын автобус буюу BRT системийг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр барьж байгуулан, 2020 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын иргэдийг нийтийн тээврийн цогц системээр хангаж, замын хөдөлгөөний хэт ачааллыг багасгаж, түүнийг дагасан олон сөрөг үр дагавар буурна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тус хурал нь Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтын 11 дэх зорилт, Хүн төвтэй гудамж, хотыг бий болгох, Тээврийн эрэлтийн менежмент болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах дэд сэдвүүдийн хүрээнд явагдах ажээ.