Монгол улс 14 жилийн өмнө буюу 2005 оны 08.08-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн ба Аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм.
Жил бүр уламжлал болгон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Аавуудын өдөр” -ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжилтай. Энэ жил Нийслэлийн есөн дүүрэгт “Аавуудын хөгжлийг дэмжье” сэдвийн хүрээнд “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах хилийн цэргийн 0151 дүгээр ангид алба хаач байгаа цэрэг, албан хаагч нарт "Аав хүний оролцоо", Залуучуудын хөгжлийн талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уулзалт лекцийг зохион байгууллаа.
Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн "Аавуудын өдөр"-ийн хүрээнд тус ангид алба хааж байгаа цэргүүдийн эхнэр, хүүхдийг урьж уулзуулан гэнэтийн бэлэг барьжээ.
0151 дүгээр ангид алба хаач буй О.Анурад “Гэнэтийн мэдээгүй байсан болохоор сэтгэл маш гоё байна. Амьдралынхаа төлөө гээд явахад болох байлгүй дээ” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ “Өнөөдөр цэргийн ангийн бие бүрэлдэхүүнийг гэр бүлтэй нь санамсаргүй байдлаар уулзуулахад аавуудын үүрэг оролцоо гэр бүлд ямар чухал гэдгийг харж болохоор байна. Аав хүн, эцэг хүн байна гэдэг үнэхээр их хариуцлага байдаг. Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд “Аав” гэсэн арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлэхээр эхлүүлж байгаа. Аавуудад жирэмсэн эхийн бэрхшээлийг мэдрүүлэх, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх арга хэмжээг хийж байна. Залуу аавуудын зүгээс нэгэн санаачилгыг гаргасан бөгөөд хүүхдүүддээ унтахаас нь өмнө үлгэр ярьдаг байхыг уриалсан. Аавуудын үлгэр дууриалал хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг учир хүүхдэдээ үлгэр уншиж өгөхийг уриалж байна” гэсэн юм.
Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн болон тус ангид алба хааж байгаа эр цэргүүдээс “Аавуудын баяр”-ыг угтсан сэтгэлийг үгсийг нь яриулсан юм. Тухайлбал, “Мөрөөдөлд минь хөтлөх нэгэн эрхэм бол аав минь”, “Томоотой эр хүн байгаарай хэмээн захидаг”, “Аавынхаа хайранд өссөн дөө” хэмээн эр цэргийн алба хааж байгаа цэргүүд аав нартаа сэтгэлийнхээ үгсийг манай тв дамжуулан хүргэлээ.