СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-08

Д.Сэрдарам: Миний амьдралд амжилт бүтээлийн тоо биш аз жаргалтай өдрүүдийн тоо их байгаасай гэж хүсдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарамтай ярилцлаа. “Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна” гэдэг шиг хэн ч байсан нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж, бусдыг уриалан дуудаж, ажиллаж болдгийн тод үлгэр жишээ болсон түүний ярилцлагыг уншигчиддаа хүргэе.

-Таны үүсгэн байгуулсан “My club” 2006 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Мод тарих үндсэн ажлаас гадна оюутан, залуусыг чадавхижуулах чиглэлээр нийгэмд дорвитой хувь нэмрээ оруулахын төлөө таныг зүтгэж яваа гэж бодох юм. Клубээ юунаас улбаатайгаар үүсгэн байгуулж байв?

-Анх ингэж тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, олон нийтийг хамарсан клуб биш, энгийн, жижигхэн клуб байгуулж байв. Тэр үед оюутнуудынхаа гаргасан саналаар “My club” гэж нэрлэж сайн дурын үйл ажиллагаа явуулах, олон мянган мод тарих зорилготой клубээ байгуулж байжээ. 2006 оны арванхоёрдугаар сарын 17 манай клубын төрсөн өдөр. Би Солонгост сурч байхдаа их сургуулийнхаа сайн дурын клубуудэд элсэх дуртай, үйл ажиллагаанд идэвхтэй ажиглалт хийдэг байсан. Тэгээд л идэвхтэй, идэвхгүй гишүүдээ тооцвол их тоо гарна даа. Гишүүд дундаас маань 27 хос гарлаа, цаашдаа ч нэмэгдэх биз. Би тэдэнд телевиз бэлэглэнэ гэж хошигнодог ч телевизийн дүрстэй түлхүүрийн оосор бэлэглэх санаатай байгаа. Бид хамтдаа 13 жил сайхан дурсамжуудыг бүтээлцжээ. “My club” гэдэг маань нэг ёсондоо айл шиг юмуу даа. Нарийн бүртгэл, татвар, тооцоо, үүрэг даалгавар гэхээсээ илүү сэтгэлээрээ хамтдаа сайн дурын ажил хийж, залуучууд бие биенээсээ, хөдөлмөрөөс суралцаж хамтдаа илүү хол явах боломжтойг мэдрээсэй гэж би хүсдэг. Өөрөөр хэлбэл, бүгд хамтдаа нэг галт тэргэнд сууцгааж тодорхой хугацааг туулсны дараа шаардлагатай буудалдаа буугаад явчихдаг энгийн нэг “цэнхэр галт тэрэг” юм.

Ахмад үе галт тэрэгнээсээ бууж байхад дараагийн үе нь сууж байна. Магадгүй ахмадууд сайхан дурсамжтай тэр галт тэргээ хайрлаж дараагийн үедээ түүчээ нь болж байгаасай гэж бас хүсдэг. Галт тэргийг дэмнэж, улам хурдтай болгох, унтраах эсэхийг би биш бид бүгдээрээ хамтын хүчээр шийдэж явна.

-Мод тарих санхүүжилтээ яаж босгодог вэ. Их сургуульд багшлах, судалгаа, олон нийтийн ажил, клуб, төрийн бус байгууллага гээд олон ажлыг түүртэхгүйгээр хэрхэн амжуулдаг вэ?

- Энэ олон ажлыг амжуулахад миний гэр бүл хамгийн сайн ар тал байсан. Миний амьдралд нийгмийн даатгалын данснаас илүү миний клуб, гэр бүлийн амьжиргаа, хүүхдийн данс гэсэн гурван данс бий. Ямар нэг ажил хийгээд гайгүй мөнгө олсон тохиолдолд би заавал энэ гурван дансандаа хуваарилдаг. “Миний клуб”-тээ зарим тохиолдолд харьцангуй их цаг зарцуулдаг нь миний нэг дутагдал юм. Одоо эрүүл мэнд асуудалтай болж өөрийн залгамжлагчдаа клубээ өвлүүлэх гэхээр тийм хүн одоогоор олдохгүй л байна. Энэ клубыг их сургуулийн багш хийхээс гадна хамгийн том шалгуур нь энэ клубээр хүмүүжсэн байх нь чухал байх. Хоёр жилийн өмнө би ШУТИС ийн шилдэг бүтээлч багшаар шалгарч таван сая төгрөгөөр шагнуулсны дараа шагналаа клубд зориулахад түүнийг ойлгож дэмжих ар тал байна гэдэг их чухал. Бид “Мицүбиши корпорац”- аас гурван жил дараалан дэмжлэг авч байсан тэр үед үнэхээр сайн ажилласан. Биднийг дэмждэг, үйл ажиллагаанд тусалдаг олон зуун найз нөхөд, байгууллага, хамт олон бий. Клуб маань аль хүрэх нь хамаагүй, хамгийн гол нь тасралтгүй үйл ажиллагаа нь үргэлжлээсэй гэж хүсдэг. Энэ жил багаар бодоход наймаас есөн сая төгрөгийн санхүүжилт босгосон байх. Хамгийн анх клубыг байгуулсан өдрөө ирсэн бүх хүүхэдтэй цайллага хийхэд тухайн үедээ л их мөнгө 85 мянган төгрөг зарцуулж байсан.

Үүнээс хойш нийт 95 байгууллагаас 365 сая төгрөг босгож сайн дурын ажилд зарцуулсан юм байна. Жил бүр хамгийн олон хүүхдүүдэд зайрмаг, ундаа авч өгсөн, хамгийн олон хүүхэд хооллосон гэдэг шалгаруулалт хийвэл бид хэдэн жил тасралтгүй түрүүлэх байсан байх. Гэхдээ мөнгө цуглуулж хоол, амттан авч өгсөн нь чухал биш. Хэдэн зуун оюутан залуучуудыг сайн дурын ажилд уриалж ажиллуулсан, тэдний үзэл бодолд нөлөөлсөн гэдэг нь чухал. Тухайлбал, 2018 онд 2413 оюутан 23 удаагийн өдөрт 8-10 цагийн сайн дурын ажил хийсэн байна. Үүнийг мөнгөөр үнэлвэл бас их сонирхолтой дүн гарч болно.

-Хүүхэд, залуус танай клубт орсноороо юу сурах вэ?

-Хүүхдүүд бие биенээсээ суралцдаг. Бид тэг ингэ гэж заахгүйгээр ажлыг ухамсраараа хий гээд уур амьсгалыг нь бүрдүүлээд өгчихөд тэд үнэхээр сайн ажилладаг. Ажлын дараа тэдний тоглохыг нь харахад надад аз жаргалтай байдаг шиг манай хүүхдүүдэд оюутан цагаа сайхан дурсамжтай, олон найз нөхөдтэй өнгөрүүлсэн тэр хугацаа сайхан байдаг байх аа. Клубын гишүүд дандаа сайн, ажилсаг хүүхдүүд биш ээ. Тэдний дунд сайн, муу, асуудалтай гээд олон хүүхэд байдаг. Тийм хүүхдүүдийг бүгдийг нь засч хүмүүжүүлнэ гэдэг худлаа боловч үе үеийн хүүхдүүд маань өөрөө өөрсдөө орчноо бүрдүүлээд, өмнөх ажлаа хийгээд клубээ аваад явдаг. Би зүгээр л тэднийг залдаг. Монголын найман их дээд сургуульд төрөл бүрийн ажил, мэргэжлээр суралцдаг идэвхтэн гишүүд маань энэ хугацаанд нийт зургаан үеийг илээжээ. Клубын хамгийн идэвхитэй байсан үе бол 2010-2015 он гэж боддог. Яагаад гэвэл бид “нэг суваг”- аар ойлголцдог байж. Харин

-Танай клубт багадаа хэдэн насны хүүхэд явж байна вэ?

-Бүхий л насныхан байна. Хамгийн бага нь 10 настай хүү бий. Тэгээд дээшээ миний нас хүртэл.

-Тэгвэл 12 гаруй жилийн хугацаанд ямар ажлууд хийв?

-Монголын 16 газар 710 мянган мод ургуулахад гар бие оролцдлоо. Сонгинохайрхан, Их тэнгэр, Бага тэнгэр, Орбит, Багануур, Төв аймгийн Аргалант, Баян-Өндөр, Баян сум, Дорноговь аймгийн Хар Уул, Булган аймгийн Баяннуур сум, Сэлэнгэ аймгийн Чулуут, Тужийн нарс гэх мэт олон газарт клубээрээ очиж мод тарьсан, дараа нь усалгаа арчилгаа хийж байна. Дээрх тоо бол зөвхөн ургаад амьдарсан мод нь гэж тооцсон. Энэ ажлыг хийхэд “Ногоон Ази” ТББ бидэнд тусалсан гэж онцлон хэлмээр байна. Тэд цөлжилттэй тэмцэхийн тулд Монголд олон төсөл хэрэгжүүлж байгаа, олон хүний хүч хөдөлмөр шаардагдсан үед бид тэдний ажилд тусалдаг. Өөрөөр хэлбэл, бидний галт тэрэгний зам нь “Ногоон Ази” ТББ юм уу даа. Тухайлбал, гурван жилийн өмнө бид 506 хүн оролцсон мод тарих ажлыг зохион байгуулахад ажиллах нөхцөл боломжийг “Ногоон Ази”-ийнхан л бүрдүүлж өгсөн. Тэд Монголд цөлжилттэй дорвитой тэмцэл хийж тодорхой үр дүнд хүрсэн хамгийн сайхан хамт олон. Олон төрлийн эко сургалт, хамтарсан үйл ажиллагаанд нь бид оролцдог.

-Модыг тарихаас илүү ургуулах нь чухал байх. Тарьсан модоо та бүхэн яаж ургуулдаг вэ?

-“Ногоон Ази”-ийн модны талбайнууд усалгааны системтэй ч талбайн ажилтнууд хувингаар усалгаа хийдэг. Хагас сайн өдөр бүр бид тэдэнд тусалж усалгаа хийдэг. Хэдэн жилийн өмнө үргэлжилсэн их ган болж тарьсан мод нь үхэж байгааг хараад уйлж байсан оюутнууд бий. Өөрөөр хэлбэл, бид мод тарихын тулд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Мод бол хүүхэд л гэсэн үг. Тиймээс амьд гэж бодож сэтгэлээ зориулах хэрэгтэй. Хамгийн гол нь оюутан залуус ажил хийж, хөдөлмөрөөр, мөн өөр хоорондын харилцаагаар хүмүүжих боломжийг бий болгохыг хичээдэг. Танхимын сургалтын ихэнх нь үр дүнгүй байдаг. Залуучуудыг есөн шидийн хүний хөгжил, уран илтгэл, өөрийгөө хөгжүүлэх сургалт хөтөлбөрөөс илүү сургууль бүрт тодорхой бодитой сайн дурын ажил хийлгэж, түүнийг нь тооцож урамшуулдаг тогтолцоотой болоосой гэж боддог.

-Гайхамшигтай ойжуулалт хийсэн орнууд байх юм. Манай улс ногоон байгууламжаараа дэлхийд шагшигдахаар болох болоогүй ч гэсэн бидний амьдарч буй орчин хэзээ нэг сайхан болох юм бол оо?

-2006 онд Сол онгос оос Монголд ирэнгүүтээ мод тарих үндэсний өдөртэй болгож өгөөч хэмээн Ерөнхийлөгчид олон удаа захидал бичиж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигаар “Мод тарих үндэсний өдөр ” - тэй болсноос хойш монголчууд 20 орчим сая мод тарьсан гэнэ. Гэтэл одоогоор тодорхой үр дүн гараагүй. Саяхан нийгмийн сүлжээнд дэлгэрсэн Бразилын гэр бүлийн ойжуулалт хийсэн шиг жишээ одоогоор Монголд алга. Бид тус тусдаа өм цөм мод тариад, социализмын үеийн “субботник” шиг хэлбэрээр “Мод тарих үндэсний өдөр”-өө тэмдэглээд байна.

-Тийм жишээг та бүтээж болох юм биш үү?

-Дээрх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч ярих хэрэгтэй. БНАСАУ 10 жилийн өмнө хиймэл дагуулаас ой мод багатай шар тал харагддаг байсан харин одоо ногоон арал болсныг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. Олон улс үндэстэн өөрийн ирээдүйд оршин байх эх үндэс ойн сан, ой мод гэсэн бодлого баримталж байна. Мод тарих, ойн гайхамшгийн тухай бид зүгээр л хараад сууж байна. 2014 оноос хойш БНАСАУ-д мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлж зургаан жилийн хугацаанд улсаа ногооруулчихлаа. Хүмүүсийн сэтгэлгээг нь өөрчилж чадсан. Эхэндээ бодлогоор ямар нэгэн баярт өдрөө заавал мод тарих ёстой гээд тарьж эхэлсэн бол сүүл рүүгээ ард түмнийх нь дадал зуршил, хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл нь “мод тарих” болж хувирсан юм шиг санагддаг.

- Манайд сайн дурын ажил хийдэг клубууд яагаад хөгжихгүй байна вэ?

-Сайн дурын ажил бол мөнгөгүй хийдэг, хэрэгцээ шаардлага дээр тулгуурласан бус заавал ухамсарт тулгуурлан хийдэг ажил. Энэ ажлыг ойлгох хэмжээний үнэ цэн Монголд бараг байхгүй. Нэг тийм хэнхэг, хийх зүйлээ олж ядсан “нийгмийн идэвхтэй” хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг ажил гэж боддог байсан. Одоо арай өөрчлөгдөж байна. АНУ, бусад орны их сургуулиуд оюутан элсүүлэхдээ жилд дунджаар 50-иас доошгүй цаг сайн дурын ажил хийдэг байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг болсон. Сайн дурын ажлаар хүн хүмүүжинэ. Одоо манайд сайн дурын олон жижиг клуб байгаа ч аарц, жүүс, бэлэг тараах, хандив цуглуулах, хог цэвэрлэх зэрэг түр зуурын шинжтэй ажил хийгээд байна. Энэ бүх ажлыг нэгдсэн тогтолцоо уялдаа холбоонд оруулж нэр хүндтэй болгох төрийн хууль үгүйлэгдэж байна. -Та ажлыг цалин харж бус амьдралынхаа зарчмыг харж сонговол зүгээр гэж яриандаа дурдлаа. Таны амьдралын зарчим юу вэ? -Миний амьдралд амжилт бүтээлийн тоо биш аз жаргалтай өдрүүдийн тоо их байгаасай гэж хүсдэг. Үүний төлөө хичээдэг. Жил бүр 2300 гаруй хүүхдийг хооллож ундлан, амттан авч өгч, ажиллах эрч хүч дүүрнээр ажил хийлгэнэ, хөдөлмөрөөр хүүхдүүдийг хүмүүжүүлнэ гэдэг сайхан. Үүнээс биш нэг сая мод ургуулахын төлөө хичээж ажиллах нь тийм чухал биш.

- Түүхийн хичээлийг хүүхдүүд уйтгартай гэх нь бий. Та хичээлээ ямар арга барилаар заадаг вэ. Түүхээс залуус юм сурч чадаж байна уу?

- Хичээлийг зөвхөн толгойгоороо бус хийж, мэдэрч сурна. Оюутнууддаа итгэх нь, тэдний хүсэл эрмэлзлэлийг ойлгох нь чухал. Манай нийгэмд байх ёстой бүх стандарт нь алдагдчихсан учир бид залуу үеэ сонсч, тэднийг зөв залах хэрэгтэй. Би тэдэнд юу заах нь чухал гэхээс илүү тэдний ямар чадварыг хөгжүүлэхэд миний хичээл нөлөө үзүүлж болох вэ гэдэг талаас нь ханддаг. Өнөөдрийн залуучуудын медиа арт сэтгэлгээ, сайхны тухай ойлголт, юманд хандах хандлага огт өөр учир тэднийг шүүмжилж зааж зааварлах утгагүй. Тэднийг зөв залах нь чухал. Би оюутнуудаа найз, нөхөд мэтээр л бодож ханддаг.

-Та монголын залуучуудыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Хараад байхад залуучуудын хувьд гурваас дөрвөн жилийн ялгаа илт ялгарч байгаад би их санаа зовдог. Сэтгэлгээ нь улам л доройтоод байх шиг. Ойлгохыг хичээгээд ч ойлгогдохгүй хүүхдүүдтэй орчин үед илүү таарч байна. Өмнөх үеийн хүүхдүүд өөрсдийгөө төөрч явааг мэддэг байсан бол шинэ үеийн хүүхдүүд төөрөлдсөнөө ч ойлгохгүй явна. Хүн өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Үнэт зүйл байхгүй. Байсан ч ёс заншил, ардчилал, шударга ёс гээд тунхаглалын чанартай байна. Тэд яг юуг үнэлдэгээ мэдэхгүй байна. Чиглэл, баримжаагүйгээс болж хүүхдийн тархи гэмтэж байна. Бүтэн үе ч алдарч болох юм. Миний хувьд хамгийн энгийн үнэт зүйл бол гэр бүл. Хүүхдүүд маань аав, ээжээрээ бахархаж яваасай гэж хүсдэг.

-Таны мэргэжил түүхч. Түүхийн судалгаа хийж байна уу?

-Би доктороо эртний үеийн түүхээр хамгаалсан ч судалгааны ажлаасаа бараг хөндийрч байна. “Монгол газар”, “Тэнгри холдинг”, “Мобиком”-д ажилласан туршлага дээрээ үндэслээд түүхийн шинжлэх ухааны нээлт, ололт амжилтад хэрхэн менежмент, маркетинг хийж, ямар шинэлэг бүтээгдэхүүн болгох уу гэх мэт хэрэглээний талаас нь түүхийг хардаг болчихжээ. Тиймээс түүх соёлын дурсгалт зүйлсийг яаж үнэлж, даатгалд хамруулж, өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай дурсгал болгох уу гэдэг талаас нь судалгаа хийж, материал цуглуулж байгаа. Мөн угийн бичгийг цахим хэлбэрт оруулахын тулд апплейкэшн хийж амжилттай туршлаа. Монголын түүхийн хичээлийн шинэ медиа арт зэрэг энгийн зүйлүүдийг бага багаар хийж байна. Эдгээр нь шинэлэг, нийгэмд хэрэгцээтэй асуудлууд. Үүнийг ганцаараа хийнэ гэж байхгүй. Бүхэл бүтэн институтын хэмжээний ажил. Тухайлбал, түүх соёлын дурсгалт зүйлсийн үнэлгээг Монголд шинжлэх ухааны үндэстэй, стандартын дагуу зөв хийх хэрэгтэй. Олон дурсгалт зүйлүүд Монголын зарим нэг олигархуудын гарт орж “их цэвэрхэн, нууцлагдмал оффшор” болчихсон. Ийм баримт материалыг би бараг 20 жил цуглуулсан.

-Түүх соёлын дурсгалыг бүрэн бүртгэлд оруулсны дараа яаж хамгаалах ёстой юм бэ. Олигархуудын гарт орсон гэсэн баримт, материалуудынхаа тухай ярьж болох уу?

-Түүх соёлын дурсгалаа бүртгээд бараг дуусч байгаа. Технологи хөгжсөн өнөө үед хүн энгийн нүдээр таних боломжгүй лабораторийн аргаар л дурсгалыг бодит эх нь мөн эсэхийг таних хэмжээнд хүрсэн. Тиймээс манай улс хосгүй үнэт бүтээлүүдээ тун тааруу нөхцөлд хадгалж хамгаалж байна. Уг сурвалжаар нь хадгалахын тулд тусгай мэргэжилтэн, лаборатори зайлшгүй байх хэрэгтэй. 1990- ээд оноос эхэлсэн замбараагүй байдал, зориудын бужигнаан, хараа хяналтгүй байсны гороор олон дурсгалыг хулгайлсан, сольж өөрчилсөн. Энэ бүхэн гадны нөлөөллөөс илүү мөнгө цагаан нүд улаан, шунахай хүмүүсийн гараар хийгдсэн. Надад баримт материал нь зөндөө бий. Гэхдээ од оо з аргал д аад ш уугиан тарихын оронд тэр цуглуулагчид нь ёс суртахуунтайгаар хүлээн зөвшөөрч, мэргэжлийн судлаачдын дэмжлэгээр цуглуулгаа өргөжүүлээсэй. Олон нийтийн хүртээл болгоосой гэж хүсдэг.

-Жишээлбэл, гадны улсад түүх соёлын дурсгалаа яаж хамгаалдаг вэ. Та баримт цуглуулж, судлахаас гадна түүхийн эд зүйлсийн цуглуулгатай юу?

-Цуглуулга байхгүй. Цуглуулга гэдэг бол мөнгөтэй хүмүүсийн мөнгөө байршуулах нэг хэлбэр. Тодруулбал, түүх соёлын ямар нэг дурсгалыг 100 сая төгрөгөөр худалдаж аваад хадгалсан нь 100 сая төгрөгөө өндөр хүүтэй банкинд хадгалуулснаас илүү ашигтай байдаг. Сүүлийн үед мөнгөтэй хүмүүс цуглуулга сонирхдог болсон бөгөөд цуглуулга үзэж сонирхуулж зөвлөгөө авах, ямар нэг зүйл дээр тодорхойлолт гаргуулах зэргээр хандах тохиолдол байдаг. Тэд одоохондоо сонирхогчийн түвшинд, үнэд орж магадгүй хэмээн цуглуулдаг ч цагийн аясаар өөрчлөгдөнө. Цуглуулагчдыг мэргэжлийн болон ёс зүйн чиг баримжаатай болгохын тулд түүхчид, угсаатны зүйчид ихээхэн анхаарах хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа хувьд байгаа бүх цуглуулгууд музейд хадгалагдах нь тодорхой. 2004 онд Солонгосын Үндэсний түүхийн музей шинэ байрандаа нүүж орж үзмэрийн дэглэлтээ хийж байх ажилд оролцож байлаа. Тийм том байшингийн тал нь улсдаа бэлэглэсэн алдартай цуглуулгууд байсан нь гайхамшигтай санагдаж байсан. Улс эх орныхоо түүхийн дурсгалыг дуудлага худалдаанаас үнэ цохиж аваад улсдаа бэлэглэдэг үлгэрлэл Монголд дэлгэрэх байх аа гэж би итгэдэг. Байгаа зүйлдээ талархалтай хандаж өөдрөг талаасаа найдаж байвал хэзээ нэг цагт биелэх нь дамжиггүй. Түүх соёлын дурсгалт зүйлийг зөв үнэлсний дараа даатгалд оруулснаар өв соёл маань өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай болно.

-Та явган аяллын спортын зэрэгтэй. Таны хобби юу вэ. Одоо бодоход өөрийнхөө бодсоноор амьдарч ирсэн байна уу. Өөрчлөгдсөн үү?

-Би амьдралдаа олон зүйлийг хийж үзжээ. Бурханы ном ч цээжилж төвд хэл үзэж явсан. Одоо “бариагүй ч номгүй, барьсан чиггүй” царцаа Намжил шиг болжээ. Гэхдээ би өөрийнхөөрөө л явж байгаа. Миний амьдрал стандарт биш олон сонголт, шийдлээр дүүрэн жирийн нэг багш. Багшлахын хамт олон ажил хийж амьдралыг өөрөө кейс болгосон намтартай юм уу даа. Алхах дуртай, ялангуяа усанд сэлэх дуртай.

-Та 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, улсын баяр наадмаар Засгийн газрын хүндэт өргөмжлөл авсан. Хүндтэй шагнал байв уу?

-Ер нь клубыг маань үнэлээд өгсөн шагнал. Миний хувьд шагналаас илүү хийж бүтээх нь чухал. Гэхдээ хүндтэй учраас л шагнуулсан болов уу.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.