ХБНГУ-ын Ноёштадт Холштайн хотод “Дэлхийн язгуур урлагийн их наадам” долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагджээ. Энэхүү наадам 1951 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд нийт 11 орны 14 хамтлагийн 400 гаруй уран бүтээлчид оролцсон байна. Гурван жил тутамд болдог 30 дахь удаагийн наадамд манай улсаас этно хамтлагуудын анхдагч болох Бөртэ, бий биелгээг өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр, Г.Баяртай, Ё.Юндэндорж нар, биелгээч Ц.Наранчимэг, өвлөн уламжлагч П.Болормаа, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын бүжигчид болох Х.Одхүү, Б.Болор нар оролцсон байна.
Тоглолтын төгсгөлд бүгд нийлэн Алтайн магтаалд дуугаа дуулж, бүжгээ бүжиж, бийгээ биелсэн нь үзэгч олныг гайхашруулсан байна. Түүнчлэн Ноёштадт хотын алтан дэвтэрт монгол уран бүтээлчид тэмдэглэгдэн түүхэнд мөнхөрчээ.