Налайхын авто замын барилгын ажлыг алдаатай хийж, голын урсгалыг боогдуулан, даланг намсгасны улмаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хөлийн гол орчмын 10 гаруй айл энэ сарын 5-нд үерт автсан. Тэд өнөөдрийг хүртэл өөрсдийн хөрөнгө мөнгөөр үерийн усаа соруулж байгаа бөгөөд тэдний хохирлыг хэн барагдуулах нь тодорхой бус хүлээлтийн байдалтай байгаа юм.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байгаа юм.
Тус хорооны иргэдийн хувьд авто замын компанид бороо орж, далангийн ус нэмэгдэж байна. Та бүхний хийсэн шугам хоолой ачааллаа даахгүй байгаа учир Хөлийн голыг хаасан шороогоо сэтлэх хэрэгтэй талаар удаа дараа шаардлага тавьсан ч тэдний үгийг үл ойшоожээ. Борооны ус нэмэгдэн даланг даван айл өрхүүд усанд автсаны дараа голыг хаасан шороогоо сэтэлсэн байна.
Баянзүрх дүүргийн 11-р хорооны Засаг дарга Х.Эрдэнэсайхан “Чойр-Налайхын авто замыг хийж байгаа компани Хөлийн голыг хааж, далан барьснаас болж, далангийн ус хальж айлууд усанд автсан нь зам барьж байгаа компанийн 100 хувийн буруутай үйлдэл” хэмээв.