СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-07

С.Эрдэнэтуяа: Бүх төрлийн спорт клубт эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Өнгөрсөн оны сүүлчээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд эрүүл мэндийн даатгалаараа спорт клубүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлнэ гэсэн мэдээлэл гарсан. 2017 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд үүнд нь “Магадлан итгэмжлэгдсэн спорт клубт идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэж тусгасан. Уг хуулийн өөрчлөлт нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ хэмээн хуульчилсан юм. Гэтэл иргэд одоо болтол эрүүл мэндийн даатгалаараа спорт клубт хөнгөлөлттэй үйлчүүлэх боломж бүрдээгүй л байна.

Уг нь эрүүл мэндийн даатгалын сангаас хоёр тэрбум төгрөгийг спортын клубт идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэхэд зориулагдсан үйлчилгээнд урамшуулал олгоход зарцуулахаар тусгасан. Тэгвэл энэхүү хуулийн хэрэгжилтийг хангахаар “Спорт клубийн магадлан итгэмжлэх журам, магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт, магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох журам”-уудыг БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/178/, А/144 тоот хамтарсан тушаалаар гуравдугаар сарын 29- нд баталсан байна. Тус журмын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Биеийн тамир спортын бодлогын газраас тодруулахад магадлан итгэмжлэх спорт клубыг сонгон шалгаруулах ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм. Ингээд иргэдэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх спорт клубын магадлан итгэмжлэх ажлын талаар БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяагаас тодруулснаа хүргэе.

- Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх спорт клубыг магадлан итгэмжлэх ажил хэзээ дуусах вэ?

-Манай байгууллага спорт клубыг магадлан итгэмжлэхгүй. Харин магадлан итгэмжлэл авахаар хүсэлтээ ирүүлсэн клубүүдээс магадлан итгэмжлэх шаардлага хангах байгууллагуудыг сонгон шалгаруулж орон тооны бус зөвлөлд хүргүүлэх болно. Ингэснээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Эрүүл мэнд яамнаас хамтран гаргасан журмыг үндэслэн магадлан итгэмжлэлийг олгох болно.

- Тэгвэл магадлан итгэмжлэл авахаар хүсэлтээ ирүүлсэн спортын клубыг сонгох ажил нь ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ ажлын хүрээнд БТСГ-ын дарга “Спортын клубыг магадлан итгэмжлэх хараат бус шинжээчийн үйл ажиллагааны журам”-ыг батлах А/187 тоот тогтоолыг тавдугаар сарын 27-нд гаргаж баталсан. Манай байгууллага наймдугаар сарын 16-ныг хүртэл хараат бус шинжээчдийг сонгон шалгаруулахаар материалыг нь хүлээн авч байна.

Иргэдийн хувьд зөвхөн фитнес клубт эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой гэж ойлгоод байгаа. Фитнес клубээс гадна бүх төрлийн спорт клуб багтаж байгаа юм. Иог, таеквондо, сагсан бөмбөг, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубт эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой. Гэхдээ олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг спорт клуб зөвхөн нэг төрлөөрөө л магадлан итгэмжлэл авах боломжтой

 Үүний дараагаар хараат бус шинжээчдээ сонгон шалгаруулаад сургалт явуулна. Тэгээд спортын клубынхээ материалыг хүлээж авч эхэлнэ.

 -Ер нь энэ онд багтаж спорт клубүүд магадлан итгэмжлэлээ авч амжих уу?

- Бид амжуулах зорилготой ажиллаж байна. Хараат бус шинжээчид томилогдоод спорт клубээ сонгон шалгаруулаад яам руу илгээчихвэл магадлан итгэмжлэл авах ажил журмынхаа дагуу яваад шийдэгдэх учраас амжих байх.

- Спорт клубыг магадлан итгэмжлэх хараат бус шинжээч нь яг ямар ажил гүйцэтгэх юм бэ?

 -Магадлан итгэмжлэх авах хүсэлтэй спорт клуб хүсэлтээ илгээхдээ өөрсдийгөө үнэлээд манайд материалаа явуулна. Тэр үнэлгээ нь 80-аас дээш хувьтай байвал манайх шинжээчээ томилоод бодитой эсэхийг нь шалгуулна. Шинжээчид тухайн спорт клубт очоод өөрсдийнх нь дүгнэлт баталгаатай эсэхийг шалгах болно.

- Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдлэхийг иргэд зөвхөн фитнест клубтл хамааралтай гэсэн ойлголттой байна. Гэтэл тийм биш бүх төрлийн спортын клуб байж болох юм билээ. Тэгэхээр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг спорт клубүүд нэг л магадлан итгэмжлэл авахад хангалттай юу?

-Иргэдийн хувьд зөвхөн фитнес клубт эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой гэж ойлгоод байгаа. Фитнес клубээс гадна бүх төрлийн спорт клуб багтаж байгаа юм. Иог, таеквондо, сагсан бөмбөг, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубт эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой. Гэхдээ олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг спорт клуб зөвхөн нэг төрлөөрөө л магадлан итгэмжлэл авах боломжтой.

-Магадлан итгэмжлэл авахаар хүсэлт гаргаж буй спорт клуб ямар шаардлага хангах ёстой гэж журамд заасан бэ?

 -Магадлан итгэмжлэгдсэн спорт клубүүдын тухайд эхний ээлжинд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх. Эрх зүйн бичиг баримттай байх, мөн стандартын шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулдаг байх ёстой гэсэн шалгуур байгаа. Гэхдээ хамгийн гол шалгуур нь идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир спортын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байх, тухайн төрөл хариуцсан спортын холбоонд бүртгэлтэй байхыг журамд тусгасан. Мөн спортын төрлөөр сургалт удирдах дасгалжуулагч, эмч байх ёстой. Түүнчлэн магадлан итгэмжлэх зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас авсан буюу зохих сургалтад хамрагдсан байх хэрэгтэй. “Спортын клубыг магадлан итгэмжлэх журам”- ыг хэрэгжүүлэх арга зүйн сургалт өнгөрсөн сарын 18- нд болсон.

- ”Спорт клубыг магадлан итгэмжлэх журам”-ыг хэрэгжүүлэх арга зүйн сургалтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

- ” Спортын клубыг магадлан итгэмжлэх журам”- ыг хэрэгжүүлэх арга зүйн сургалт Тусгаар тогтнолын ордонд өнгөрсөн долдугаар сарын 18-нд болсон . Сургалтад нийслэлийн есөн дүүрэг болон таван аймагт үйл ажиллагаа явуулдаг спортын клубуудын багш, дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч, эмч гэх мэт нийт 150 орчим хүн оролцсон. Сургалтаар “Магадлан итгэмжлэлийн мөн чанар, ач холбогдол” сэдвээр болон магадлан итгэмжлэх журмын ярилцлага, хараат бус шинжээчийн үйл ажиллагаа, спортын стандартуудын талаар мэдээлэл өгсөн.

- Спортын клубы н магадлан итгэмжлэлийн хугацаа ямар байх вэ?

-Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг 100 оноогоор үнэлнэ. Тиймээс шалгуур үзүүлэлтийг хэдэн хувьтай хангаж байгаагаас хамааран магадлан итгэмжлэлийн хугацаа өөр, өөр байна. 80-89.9 хувь бол нэг жил, 90-ээс дээш хувьтай бол хоёр жилээр магадлан итгэмжлэх болно. Харин магадлан итгэмжлэлийн хугацаа дуусаад дахин магадлан итгэмжлэл олгоход 90-94.9 хувьтай бол гурван жил, 95 дээш хувьтай бол дөрвөн жилээр магадлан итгэмжилнэ.

 -Магадлан итгэмжлэл авсан спорт клубүүдэд иргэд ямар хэмжээний хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх вэ?

-Тухайн спорт клубынхээ үндсэн үнээс дээд тал нь 60 хувийг эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлүүлэх боломж бүрдэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.