Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног хэмээдэг билээ. Тус долоо хоногийн хүрээн дэх уулзалтад нэг, хоёрдугаар одонтой ахмад, залуу ээж, залуу гэр бүл, одонтой ээжүүдийн групп, аавуудын группийн төлөөлөл оролцлоо. Уулзалтаар эхийн сүүгээр хооллохын ач холбогдол, хүүхдээ хэрхэн тайван хөхүүлэх вэ, эцэг хүний оролцоо үүргийн талаар мэдээлэл олгосон юм. Эхийн сүү нь хүүхдийн биед 98 хувийн шингэц сайтай байдаг аж.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь бага насны хүүхдийг хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг байна. Угжаар хооллоход эх хүүхдийн нандин холбоо холдож, хүүхдийн зан байдал, цаашлаад эрүү нүүрний хөгжил, эрүүл мэндийн байдалд сөрөг нөлөөтэй тул аль болох угжаар бүү хооллоорой хэмээн судлаачид зөвлөж байна. Монгол Улс эхийн сүүний хооллолтоор дэлхийд нэг, хоёрдугаар байрыг эзэлдэг байсан бол жил ирэх тусам эхийн сүүгээр хооллох нь буурсаар байгаа аж. Буурч буй шалтгаан нь ядууралтай холбоотой гэнэ.
Түүнчлэн хүүхдээ төрүүлээд хурдан ажилд орохыг хичээж, импортоор эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн орж ирж буйтай холбоотойгоор эхийн сүүгээр хооллолт буурч байгааг судлаач Ж.Баясгалан онцолж байсан юм.