Усархаг борооны улмаас Яармагийн замд уулаас үерийн ус бууж ирж, замын зорчих хэсэгт саад учруулсан бичлэг цахим сүлжээнд тархсан. Сүүлийн нэг жилийн турш Яармагийн замын урд талд олон тооны орон сууцны хороолол баригдах болсон. Тэгвэл барилга байгууламж барихдаа үерийн даланг өөрчлөн, зарим нь үерийн далан дээр орон сууцны хороолол барьжээ.
Яармагийн урд уулнаас борооны үерийн ус жил болгон бууж ирдэг гэдгийг мэдсээр байж дур мэдэн үерийн далан шуудууг өөрчилсний улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн байна.
Наадамчдын замыг барихдаа борооны усыг зайлуулах шугамтай хийсэн бөгөөд уулнаас бууж ирж буй үерийн ус далан руу орох байтал үерийн даланг өөрчилснөөс болж шууд авто зам руу ороод байгаа юм.
Ялангуяа, Наадамчдын замд байрлах “Сансар” худалдааны төвийн замын эсрэг талд баригдаж буй орон сууцны хороолол үерийн далангаас 50 метр хүрэхгүй газарт барилга барьсан байна. Уг барилгыг барихдаа үерийн ус орж ирэх шуудууг өөрчилжээ. Үүнээс болж авто зам руу шууд уулын үерийн ус орж ирсэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Геодези, усны барилга байгууламжийн газраас 1 экскаватор, 1 ус соруулах машин, 2 гном насостой шуурхай 2 бригад ажиллаж, уулнаас орж ирж буй усыг дахин зорчих хэсэг рүү нэвтрэхээргүй болгон үерийн далан татаж янзалжээ.