ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүр сүүлийн үед гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Орхон аймгийн Цагдаагийн газрын дуудлага мэдээллийн утсанд энэ сарын 5-ны өдрийн 14:31 минутанд “манай дарга ажлын өрөөндөө нас барсан байдалтай байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн.
Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Л.Б ажлынхаа байранд өрөөндөө нас барсан нөхцөл байдалтай байсан бөгөөд шалгалтын ажлыг хийж байна.
Тэрбээр Орхон аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олдсон бөгөөд харамсалтай нь эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амиа алдсан байна.
Дэд хурандаа Л.Болдыг өнгөрсөн зургаадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилсон юм.
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 4-ны өдөр Архангай аймгийн Өгий нуур суманд гэр бүлээрээ аялж зугаалж байсан хүмүүс галт өртөж шатсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Булган аймгаас Налайх дүүрэг рүү зорчих явцдаа Өгий нууранд буудаллаж амрах үедээ ахуйн газан дээр бензин хийсний улмаас 3-73 насны нийт 15 хүн галд өртөж, гурван настай хүүхэд газар дээрээ амь насаа алдсан.
Өчигдөр 13.33 цагаас 18.20 цагийн хооронд Зэвсэгт Хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр иргэдийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ. Харин иргэн О, Х нарыг ар гэрийнх нь хүмүүс автомашинаар тээвэрлэн мөн Улаанбаатарт авч ирсэн байна.
Урьдчилсан байдлаар хүүхдүүдээ цай чанах усанд явуултал амралтын газрын гадаа байсан шар канистартай шингэн зүйл аваачин өгсөн байна. Цай чанах гэж байсан халуун тогоо руугаа ус хэмээн андууран бензин хийсэн гэх мэдээлэл өгсөн. Хэрэв бензин байсан нь тогтоогдох юм бол тухайн амралтын газар шатах бодисыг ил задгай газар байрлуулсан гэх асуудлаар цагдаагийн байгууллага хариуцлага тооцно.