УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргасан. Тус захирамжаар “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар багтжээ. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах Дэд хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарыг оруулаад байна. Ингэснээр эрх баригч хүчин 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг эргэж харах нь бараг тодорхой боллоо. Нэг үгээр энэ УИХ өөрсдийнхөө баталсан хуулийг “хөөн хэлэлцэх”ээр ажлын хэсэг байгуулчихав уу даа. Ер нь Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гарсан маргааныг эргэн сануулъя. Өнгөрсөн хавар анх Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр ярилцлагадаа “Хууль зүйн байнгын хорооны хурал дээр үүнийг өөрчилье гэдэг саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өөрөө гаргасан. Түүнийг Л.Болд, Ж.Батзандан гээд тус Байнгын хорооны бүх гишүүд дэмжсэн. Одоо өөрчилсөнийх нь утга учир гарч ирж байна. Татвар нуун дарагдуулсан томоохон хэргүүд, ямар том компаниуд дээр гарч ирж байна. Дөнгөж хууль хяналт, татварын байгууллага тэр зөрчлийг илрүүлэнгүүт аль эрт хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Авлига албан тушаалын хэргүүдийг шалгаж байна гэж зориуд удаашруулаад байгаа. 18 тодорхой асуудал, 1.3 их наяд төгрөгийн үнэ бүхий зөрчлийг нэр дурдаад 200 гаруй хуудас ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн.
Одоо дөрөвдэх жил рүүгээ орлоо. Тэгэхэд ерөөсөө алийг нь ч шийддэггүй. Зориуд мөрдөн байцаалтын шатанд удаашруулаад шалгаж байна гэж зунгааралдуулж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэж байгаа юм” гэж ярьсанаас үүдэлтэй л дээ. 2017 оны тавдугаар сард УИХын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ш.Раднаасэдийн саналаар орсон гэх Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн асуудал л даа. Тухайн үед УИХын гишүүн Ш.Раднаасэд тийм санал гаргаагүй тухайгаа хэвлэлийн хурал хийж тайлбарлаж байлаа. Мөн УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг гарч Ш.Раднаасэдийг тус хуулийг санаачлаагүйг тогтоосон тухай мэдэгдэж байв. Гэвч хуулийн хөөн хэлэлцэхийг өөрчилснөөс үүдэн Хөгжлийн банктай холбоотой улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэг, Эрдэнэтийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьсан асуудал ч хэрэгсэхгүй болоход ойрхон байгааг хуульчид дор бүрнээ ярьж эхэлсэн. Сүүлд авсан мэдээллээр бол дээрх хэргүүд арай ч хэрэгсэхгүй болчихоогүй л байна. Ямартаа ч эргээд өнгөрсөн тавдугаар сард очиход тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга нийгэмд өрнөсөн шүүмжлэлтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид Эрүүгийн хууль тогтоомжийн гажуудлыг засах асуудлаар санал, дүгнэлт хүргүүлж байлаа.
Тус арга хэмжээ авах тухай албан бичигт “... Жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан. Үүний хүрээнд авч үзвэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг удирдлага болгон “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тухайн шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тоолж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдэн, улмаар ял завших боломжийг нэмэгдүүлсэн. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин өөрчилж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн. Ингэснээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг субьектив санаа зорилгоор хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших боломжийг олгох хүндрэл үүсэж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтаг үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдээд байна” гээд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэснийг хүчингүй болгох, прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж УИХ-ын гишүүд, хуулийн байгууллагын удирдлагуудыг энэ асуудал дээр судалгаа хийх үүрэг өгчихлөө. Үргэлжлүүлээд хуулийг өөрчлөх нь цаг хугацааны асуудал болов уу
тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг хүчингүй болгох, нэмт хэргийн ангиллаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох зэрэг санал, дүгнэлт гаргаж байлаа. Яг энэ саналтай холбоотойгоор УИХ-ын зүгээс ямар нэгэн өөрчлөлт оруулж ирээгүй өдийг хүрээд байлаа. Харин одоо эрх баригч нам хөдөлж эхэллээ. УИХын дарга Г.Занданшатар захирамж гаргаж УИХ-ын гишүүд, хуулийн байгууллагын удирдлагуудыг энэ асуудал дээр судалгаа хийх үүрэг өгчихлөө. Үргэлжлүүлээд хуулийг өөрчлөх нь цаг хугацааны асуудал болов уу. Магадгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж дуусаад хамгийн түрүүнд шийдэх зүйл нь энэ байж ч мэднэ.